БНХАУ “BOEING”-Д ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ ЭХЛЭВ

БНХАУ-ын эрх баригчид дотоодын агаарын тээврийн компаниудад АНУ-ын “Boeing” компаниас зорчигч тээврийн онгоц, онгоцны эд анги, сэлбэг, холбогдох тоног төхөөрөмжийн худалдан авалтаа зогсоох чиглэл өгсөн байна.
Энэ нь хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны дайнаас улбаатай бөгөөд өнгөрсөн мягмар гарагт Хятадын тал АНУ-ын бараанд 125 хувийн татвар ногдуулсан юм. Уг татвар нь АНУ-д үйлдвэрлэсэн нисэх онгоцны өртгийг огцом нэмэгдүүлж байгаа тул “Boeing”-оос худалдан авалт хийх нь эдийн засгийн хувьд ашиггүй болж буйг онцолжээ.
Түүнчлэн, Хятадын тал “Boeing”-ийн онгоц түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэх хэд хэдн хувилбаруудыг боловсруулж эхэлсэн байна. Одоогоор Хятадын хувьд “Boeing 737 Max” загварын 10 орчим онгоцыг хүлээн авахаар зэхэж байгаа ч талууд харилцан татвар ногдуулж буй нь саад болж магадгүй. Гэвч зарим онгоцыг нь харилцан татвар ногдуулахаас өмнө бичиг баримтыг бүрдүүлсэн тул Хятадын хүлээн авах магадлалтай гэж зарим эх сурвалж дурджээ. 2018 онд “Boeing”-ийн бүтээгдэхүүний дөрөвний нэгийг Хятадын зах зээл эзэлж байсан ч сүүлийн жилүүдэд захиалга эрс багассан.
Boeing компанийн гаргасан мэдэгдэлд, Америк Хятадын худалдааны дайн цар тахлын дараах сэргэлтэд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна гэж анхааруулжээ. Хятад "Boeing"-оос онгоц худалдаж авахаа зогсоож буй мэдэгдлийн дараа Нью-Йоркийн хөрөнгийн зээл дэх тус компанийн хувьцаа 2.36%-иар буурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ