Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ болов. 

Олон улсад жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буй. 

Монгол Улсын хувьд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж хэрэгжүүлэн, салбар бүрд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулсаар иржээ. 

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Зах зээлийн сургалт, судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын сул байдал, бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлагдмал байдал, жендэрийн хэвшмэл ойлголтууд, төрийн зүгээс бодлогын дэмжлэг, хууль, эрх зүйн орчин сул  зэрэг нь тулгамдсан асуудал. Эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулахад Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүд”, “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүн, ач холбогдлоо өгнө гэж харж буй. 

Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг болохын хувьд бүс нутагтаа туршлагаа түгээх, бүсийн хамтын ажиллагааг манлайлах боломжтой. 

Мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тавигдаж буйг тэмдэглээд, цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг анхаарч, бүхий л санал, санаачилгыг дэмжин ажиллахаар болов. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ