"NVIDIA" 5.5 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ҮҮ?
Хиймэл оюун ухааны салбарын гол бүрэлдэхүүн чип үйлдвэрлэгч "Nvidia" компани худалдааны дайнаас их хэмжээний алдагдал хүлээхээр байна.
Тус компанийн мэдээлснээр, АНУ-ын Засгийн газар Хятад руу хийх чипний экспортыг чангатгасанаар хамгийн багадаа 5.5 тэрбум ам.долларын зардал хүлээх төлөвтэй байна гэжээ. "Nvidia" Хятадын зах зээлд хамгийн эрэлттэй H20 хиймэл оюун ухааны чипийг экспортлохын тулд Холбооны Засгийн газраас тусгай зөвшөөрөл авах болсон. Энэхүү шинэ журам гарсанаар "Nvidia"-ын хувьцааны ханш 6 хүртэлх хувиар унасан юм. Харин "Counterpoint Research" судалгааны байгууллагын шинжээч Марк Эйнштейн "Nvidia"-ын тооцоолж буй 5.5 тэрбум ам.долларын алдагдлыг боломжийн тооцоо хэмээн үзэж байна.
Хэдийгээр их хэмжээний алдагдал мөн ч "Nvidia" энэ эрсдлийг туулах хангалттай чадамжтай гэжээ. Чипний экспортын хязгаарлалтаас үүдэн "Nvidia" гэлтгүй, нийт АНУ-ын хагас дамжуулагчийн салбар уналтад орох ч эрсдэл бий. АНУ-ын чип үйлдвэрлэгчид ойрын үед засгийн газар хооронд ямар нэг хэлэлцээ хийгдэж, хориг чөлөөлөгдөнө гэх хүлээлттэй байгаа.
"AI" ноёлох эрин зуунд Америк Хятадын хэн нь гол тоглогч байхаа тодорхойлох өрсөлдөөн өрнөсөөр байна. Энэ өрсөлдөөн 2025 оны эхээр улам эрчимжсэн байдаг. Тодруулбал, Хятадад бүтээгдсэн хямд өртөг бүхий "DeepSeek" хиймэл оюун ухааны чатбот дэлхийд шуугиан тарж нээлт хийснээр "Nvidia"-ын ханш унаж, хөрөнгө оруулагчид Хятадын хиймэл оюун ухааны салбар луу анхаарал хандуулсан юм. "ChatGBT"-г бут цохьсон DeepSeeк-ыг дэлхий нийтийн анхаарлын төв болсон нь АНУ-ын өрсөлдөгчийнхөө "хүчийг" дутуу үнэлсэн хэрэг гэж шинжээчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ