ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАА

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас эмийн чанарыг сайжруулах, үнийг бууруулах чиглэлээр ажиллаж байна.
2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын холбогдох газрын дарга нар болон албан хаагчид Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ажиллалаа.
Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос эмийн чанар, үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан, Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоол гарч, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2024 онд шинэчлэн батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас гүйцэтгэж байгаа арга хэмжээний биелэлтийг 2025 оны I улирлын байдлаар гаргуулж авсан бөгөөд удаашралтай болон хэрэгжилт хангалтгүй асуудлын шалтгаан, тулгамдаж байгаа асуудлыг тогтоох хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ажиллалаа.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эрх бүхий байгууллагаас батлахаар заасан дүрэм, журам, стандарт, бусад хэм хэмжээний актыг боловсруулах, батлуулах, цахим мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлууд хүлээгдэж байгаа тул уг асуудлыг шуурхай зохион байгуулах, хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ