ЗЭЭЛИЙН ХАР ТҮҮХТЭЙ ИРГЭДИЙГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛДАГИЙГ ӨӨРЧЛӨХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ
Зээлийн мэдээллийн тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэхийг дэмжив Улсын Их Хурлын 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Уг хуулийн төслийг баталснаар дараах эерэг өөрчлөлтүүд гарах боломж бүрдэнэ.
-Зээлдэгчийн санхүүгийн түүхэнд тулгуурлан үүсдэг “хар жагсаалт” гэх тогтолцоо арилж, зээл авах эрх хаагддаг нөхцөл бүрэн өөрчлөгдөнө
-Зээлийн хүү болон барьцаа хөрөнгийн шаардлага буурна
-Зээлдэгчийн онооны мэдээлэлд үндэслэн барьцаагүй, уян хатан нөхцөлтэй зээлийг санхүүгийн сахилга баттай иргэдэд олгох боломж бүрдэнэ
-Онооны системийн нэвтрэлт нь зээлийн эрсдэлийг үнэлэх боломжийг нэмэгдүүлж, зээлийн хүртээмжийг оновчтой болгоно
-Иргэд банкны шаардлагаар бус, өөрийн сонголтоор банк, санхүүгийн байгууллагыг чөлөөтэй сонгож үйлчлүүлэх нөхцөл сайжирна
-Банк, санхүүгийн салбарын өрсөлдөөн нэмэгдэж, эрсдэл даах чадвар сайжрахын зэрэгцээ эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд зээлийн түүх муутай, оноо багатай иргэдийг олон жилийн хугацаанд зээл авах боломжгүй болгож буй одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай хэмээн онцолж, уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр төслийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ