ХУДАЛДААНЫ ДАЙН ШИРҮҮСЭВ

АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн улам хурцдаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д ногдуулах нэмэлт тарифаа 125 хувьд хүргэх шийдвэрийг зарласан нь олон улсын анхаарлыг татав.
Тэрээр мэдэгдэлдээ “Хятад улс дэлхийн зах зээлд шударга бус хандаж буй тул ийм хатуу арга хэмжээ авахад хүрлээ” хэмээн онцолсон байна.
Дональд Трампын энэ шийдвэрийн өмнөхөн БНХАУ-ын Сангийн яам АНУ-аас импортолж буй бүх бараанд 84 хувийн татвар ногдуулах шийдвэрийг зарласан нь хоёр улсын худалдааны дайныг ахин “шинэ шатанд” гаргалаа.
Дональд Трампын хувьд БНХАУ-ыг чиглэсэн тарифыг огцом нэмэгдүүлж байгаа ч бусад улсад ногдуулж буй импортын шинэ татварыг 90 хоногийн хугацаанд түр хойшлуулж, 10 хүртэл хувиар бууруулах шийдвэр гаргаад байна.
БНХАУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ “ЭЕРЭГ” ХАРИУ ҮЗҮҮЛЭВ
БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнд 85 хувийн импортын татвар ногдуулах шийдвэр зарласанаар тус улсын хөрөнгийн зах зээлд өсөлт ажиглагдав. Тухайлбал, Хятадын Засгийн газрын шийдвэрийн дараа Шанхай болон Шэньжэний хөрөнгийн биржүүд өсөлттэй арилжааг эхлүүлжээ. Үүнд “Shanghai Composite” индекс 1.29 хувиар өсөж, 3327.84 нэгжид хүрсэн бол, “Shenzhen Component” индекс 2.29 хувийн өсөлт үзүүлж, 9757.98 нэгж боллоо.
Мөн Хонконгийн хөрөнгийн зах зээл ч мөн өсөлтөө хадгалсан бөгөөд “Hang Seng” индекс 3.76 хувиар нэмэгдэж, 21026.69 нэгжид, Хятадын томоохон компанийн ханшийг илэрхийлдэг “Hang Seng China Enterprises Index” 3.49 хувиар өсөж 7798.86 нэгжид хүрэв. Харин технологийн салбарын 30 компанийн ханшийг харуулдаг “Hang Seng Tech Index” 4.91 хувиар өсөж, 4919.30 нэгжид хүрсэн байна.
Эргэн сануулахад, мягмар гарагт БНХАУ-ын ГХЯ-аас Дональд Трампын татварын сүрдүүлгийн хариуд “бэрхшээлийг болгомж болгоно” гэж мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ