БНХАУ ГАЗРЫН ТОСНЫ ШИНЭ ОРД ИЛРҮҮЛЭВ

БНХАУ-ын үндэсний оффшор газрын тосны корпораци (CNOOC) Өмнөд Хятадын тэнгист томоохон нээлт хийж, 100 сая тонноос давсан батлагдсан нөөцтэй газрын тосны шинэ орд илрүүлснээ зарлалаа. "Хуйжоу 19-6" хэмээн нэрлэгдсэн газрын тосны орд нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд хамааралгүй, харин эргээс 200 далайн миль буюу 370 км-ийн зайд, Хятадын эдийн засгийн онцгой бүсэд оршдог стратегийн ач холбогдолтой нөөц гэгдэж буй.
Газрын тосны талбай нь далайн ёроолоос 100 метрийн гүнд орших бөгөөд туршилтын өрөмдлөгийн үр дүнд өдөрт 413 баррель түүхий тос, мөн 68 мянган шоо метр байгалийн хий олборлох боломжтой нь батлагджээ. Энэ нь БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортоос хамааралтай байдлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах нөөц гэж үзэж байгаа юм.
"Хуйжоу 19-6" орд нь БНХАУ-д газрын гүнээс, хэт гүн давхрага хүртэл нөөцтэй анхны орд газраар бүртгэгдэж байгаагаараа онцлог. Газрын гүнд өндөр температур, даралт ихтэй байдаг тул газрын тос, байгалийн хийн хайгуул хийхэд технологийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр шинээр нээгдэж буй газрын тос, байгалийн хийн нөөцийн 60 орчим хувь нь гүний давхаргаас олборлогддог тул энэ чиглэлд технологийн дэвшил гаргах нь чухал нөлөө үзүүлнэ.
Өмнөд Хятадын тэнгис нь газар нутгийн хувьд маргаантай бүс учир хайгуул, судалгааны ажил харьцангуй бага хийгджээ. Гэвч, АНУ-ын зүгээс газрын тос, байгалийн хийн ихэнх нөөц нь маргаангүй бүс нутагт байрладаг гэсэн мэдээлэл гаргажээ. Энэхүү нээлт нь БНХАУ-ын эрчим хүчний салбарт томоохон ахиц дэвшил болж, цаашдын хайгуулын ажлыг идэвхжүүлэх, улмаар бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ