Д.ТРАМПЫН СҮРДҮҮЛГЭД В.ПУТИН ХАРИУ ИЛГЭЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уурлаж, эгдүүцсэн тухай мэдээлэл олон улсын анхаарлыг татсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татвараар сүрдүүлсэн мэдэгдэлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хариу өгчээ. В.Путины байр суурийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков албан ёсоор уламжилсан бөгөөд “ОХУ-ын зүгээс дайныг дуусгаж Украинтай харилцаагаа сэргээх, энх тайван тогтоох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ. Гэвч ОХУ-ны улсын зүгээс баримталж буй байр суурь нь В.Зеленскийн засаг захиргааг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал юм. Тиймээс Украин улсыг "түр зуурын засаг захиргаанд" шилжүүлэх ёстой гэжээ. ОХУ-ын хувьд В.Зеленский суудлаасаа буувал цаашид яриа хэлэлцээ үргэлжилнэ гэх байр суурь дээрээ хэвээр байна.
Мөн Димитрий Песков мэдэгдэлдээ “Бид Украинтай энхийн гэрээ байгуулах, гал зогсоохтой холбоотой зарим санал санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс одоогоор хийгдэж байгаа ажлууд болоод хэлэлцэгдэж байгаа асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөд эрт байна гэжээ. Энэ долоо хоногт Дональд Трамп болон Влдадимир Путин нар утсаар ярих төлөвтэй байна. Талуудын утасны дуудлага хэдийгээр Владимир Путины ажлын хуваарьт ороогүй байгаа ч шаардлагатай гэж үзвэл зохион байгуулалтыг тэр даруйд нь хийнэ гэж Димитрий Песков мэдэгдсэн юм.
Дональд Трампын хувьд Орос-Украины гал зогсооход шаардлагатай бүх ажлыг эрчимжүүлж байгаа ч талууд “ахиц дэвшил” гаргахгүй “зогсонги” байгаад бухимдаж буй. Үүнд ОХУ-ыг буруутгаж тус улсаас гарч буй газрын тосонд хоёрдогч татвар ногдуулна гэж сүрдүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ