МЬЯНМАРЫН ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨР 2056 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Мьянмарын газар хөдлөлтөөр амь насаа алдсан хүмүүсийн тоо 2056-д хүрч, 3900 хүн бэртэж гэмтээд байна. АНУ-ын геологийн албаны мэдээлснээр, Мьянмарын газар хөдлөлтөд амь насаа алдсан хүмүүсийн тоо 10 мянгад хүрэх төлөвтэй байна гэжээ. Баасан гарагт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас орон даяар долоо хоногийн гашуудал зарлаад байна. Мөн эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Газар хөдлөлтөөс хойш дөрөв дэх хоног өнгөрч байгаа бөгөөд Мьянмарт хэт халалт тохиож байгаа нь аврах ажиллагаа удаашруулж байна. Аврах ажиллагаа удаашрах тусам амьд хүн олох найдлага тасрах магадлалтай гэж тус улсын аврах албанаас мэдээлсэн юм. Мөн газар хөдлөлтийн голомтоос холгүй орших Мандалай хотод хэт халсны улмаас цогцоснууд муудаж хэн болохыг тогтооход хүндрэлтэй байна гэжээ. BBC-ийн мэдээлж байгаагаар Мандалай хотын нэгэн цэцэрлэг нурсанаас 40 орчим бага насны хүүхэд сураггүй байна гэжээ. Аврагчдын хувьд 15 сурагчийн цүнхийг олсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ