БНСУ-д дэгдсэн ой хээрийн түймрийг бүрэн унтраав

БНСУ-ын зүүн өмнөд хэсэгт үргэлжилсэн ойн түймрийг бүрэн унтраасан тухай тус улсын Дотоод Хэрэг, Аюулгүй Байдлын Яамнаас мэдээллээ. Тус улсын Кёнсанбүг, Кёнсаннам мужууд болон Ульсан хотод гарсан түймрийн улмаас эдгээр бүс нутагт байгалийн гамшгийн онцгой байдал зарлаад байсан юм. БНСУ-ын Дотоод Хэргийн Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ко Ки Доны мэдээлснээр, "Кёнсаннам мужийн Санчон хошуунд гуравдугаар сарын 21-нд эхэлсэн түймрийн 11 голомтыг бүрэн унтраасан" гэжээ. БНСУ-д дэгдсэн ой хээрийн түймэр нь нийт 48,000 га талбайг хамарсан нь Сөүл хотын нийт газар нутгийн 80 орчим хувьтай тэнцэнэ. Мөн энэ удаагийн түймэр 30 хүний амь насыг авч одсон нь хамгийн их хохирол байлаа гэж Ко Ки Дон мэдэгдсэн юм. Одоогоор галд сүйдсэн эд хөрөнгийг мөнгөн дүнгээр тооцох боломжгүй байна. Үүнээс гадна БНСУ-ын соёлын өвийн 30 гаруй дурсгал сүйдсэн тухай Ёнхап агентлаг онцолжээ. БНСУ-ын Ойн Алба Кёнсанбүг мужид гарсан түймрийг өнгөрсөн Бямба гарагт бүрэн унтраасан тухай мэдэгдсэн. Гэвч Бямба гарагийн шөнө түймэр дахин дэгдсэн бөгөөд галын шалтгааныг тогтоох явцад Кёнсанбүг мужийн Үйсон хошууны нэгэн толгод дээрх оршуулгын газарт өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх зан үйл хийж байсан 56 настай эр болгоомжгүйгээс гал алдсан байна. Гал алдсан эрд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ