В.Путин Украинд шинэ сонгууль явуулах санал хүргүүлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд шинэ сонгууль явуулах тус улсад түр засаглал байгуулж болох тухай санал тавьжээ. Тэрээр Мурманскт болсон форумын үеэр үг хэлэхдээ, “Оростой харилцаагаа сайжруулсан, Дональд Трамп өдгөө гурван жил үргэлжилсэн дайныг зогсоохыг чин сэтгэлээсээ хүсч байгаа. ОХУ ч бас энэ мөргөлдөөнөө зогсоох зорилгоор тогтмол алхамууд хийж байна. НҮБ, АНУ, Европын орнууд болон бусад түншийн ивээл дор Украинд түр засаг захиргааг нэвтрүүлж, ардчилсан сонгууль явуулж, ард түмний итгэлийг хүлээсэн чадварлаг засгийн газрыг засгийн эрхэнд гаргах нь энхийн гэрээ байгуулахад чухал алхам болно” гэжээ. Украины Ерөнхийлөгч В.Зеленский 2024 оны тавдугаар сард бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах байсан ч, дайны цагийн хуулиар сонгууль зохион байгуулах боломжгүй болсон. Тиймээс Путин “түр засаглал” гэдэг үгийг ашиглан В.Зеленскийн байр суурийг онцолсон гэж олон хүн үзэж байгаа юм. Харин Зеленский энэ саналыг үгүйсгэж, “Дайны нөхцөлд сонгууль явуулах ямар ч боломж байхгүй” гэж мэдэгджээ. Мөн В.Путин Д.Трампын ОХУ-тай шууд хэлэлцээ хийх хүсэл эрмэлзэл нь өмнөх ерөнхийлөгч Жо Байден-аас илүү энх тайвныг хүсч буй хэрэг хэмээн тайлбарлажээ. Тэрбээр ОХУ дайныг зогсоохын тулд Хойд Солонгос зэрэг бусад оронтой хамтран ажиллахад бэлэн гэдгээ ч илэрхийлсэн байна. Өнгөрсөн онд Хойд Солонгосоос Украинд 11 мянга гаруй цэрэг илгээсэн гэх мэдээлэл бий. Мөн энэ оны эхний саруудад дахин 3000 орчим цэрэг Украинд байршуулсан байх магадлалтайг БНСУ мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ