Европын холбоо өрх бүрийг онцгой нөхцөлд бэлтгэлтэй байхыг уриалжээ

Европын холбоо эвслийн 27 улсын иргэн бүрийг дайн, байгалийн гамшиг зэрэг онцгой нөхцөл байдалд бие даан амьдрах чадвартай байхад анхаарахыг уриаллаа. Тодруулбал, айл өрх бүр гурван өдрийн турш шаардлагатай хүнс, хэрэгслийг багтаасан иж бүрдлийг гэртээ бэлэн байлгах шаардлагатай гэж үзэж байна.
Европын холбооны зүгээс иргэддээ чүдэнз, гар чийдэн, ус нэвтэрдэггүй уутанд хийсэн иргэний үнэмлэх, савласан ус, үр тариатай энергийн жигнэмэг зэрэг анхан шатны хэрэглээний зүйлсийг нөөцлөхийг зөвлөжээ. Учир нь бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн өргөжих магадлал өндөр байгааг олон улсын шинжээчид болон Европын холбооны удирдлагууд анхааруулсаар байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ: “Оросууд Украин дахь мөргөлдөөнөө даяаршуулж байна. Бид энэ дайн зөвхөн нэг театраар хязгаарлагдана гэж найдаж байгаа ч нөхцөл байдал хурцдаж болзошгүй” хэмээн онцолжээ.
Европын зарим улс аль хэдийнээ иргэдээ онцгой нөхцөлд хэрхэн амьд үлдэх тухай мэдээлэл, зааварчилгаагаар хангаж эхэлсэн байна. Скандинавын орнуудын хувьд тусгай гарын авлага тараах, нүүлгэн шилжүүлэх сургалт зохион байгуулах ажлыг эрчимжүүлээд буй. Финландын Ерөнхийлөгч асан Саули Ниинисто өнгөрсөн жил Европын улс орнуудын иргэний болон цэргийн бэлэн байдлыг бэхжүүлэхийг уриалсан бол, Норвеги, Швед зэрэг улс иргэддээ зориулсан практик зөвлөмж бүхий товхимол тарааж эхэлжээ.
Европын холбооны Хямралын менежментийн комиссар Хаджа Лахбиб энэ талаар мэдэгдэж, “Энэ бол зөвхөн дайнтай холбоотой биш. Байгалийн гамшиг, цар тахал, кибер халдлага зэрэг ямар ч эрсдэл тулгарсан үед иргэд маань юу хийхээ мэддэг байх нь чухал. Цар тахлын эхэн үед дэлгүүрийн лангуун дээрээс нойлын цаас булаацалдаж байсан байдлыг бид мартаж болохгүй” гэжээ. Түүнчлэн Европын холбоо нь эвслийн бүх улс орны айл өрх бүрд бэлэн байдлын гарын авлага хүргэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Бэлтгэлтэй байх нь зөвхөн аюулт нөхцөлд бус, амьдралын ямар ч сорилтод илүү тайван, ухаалаг хандах үндэс гэж тэд үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ