Туркийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1879 хүн баривчлагджээ

Туркийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1879 хүн баривчлагджээ

Өнгөрсөн лхагва гарагаас эхэлсэн Туркийн эсэргүүцлийн жагсаал томоохон хотуудыг хамарч есөн өдрийн турш үргэлжилж байна. Жагсаалын үеэр цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн 1879 хүнийг баривчилсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд Али Йерликая мэдэгдлээ. Энэ жагсаал нь Истанбул хотын дарга, сөрөг хүчний гол төлөөлөгч Экрем Имамоглу авлигын хэргээр шоронд хоригдсоны дараа эхэлсэн бөгөөд өргөн хүрээг хамарсан эсэргүүцэл болж байна. Туркийн дотоод хэргийн сайд Али Йерликаягийн мэдээлснээр, баривчлагдсан хүмүүсийн 260 нь шүүх хурлыг хүлээн цагдан хоригдсон хэвээр байгаа бол 489 нь суллагдан, 662 нь хуулийн дагуу шалгагдаж байна. Түүнчлэн үймээний үеэр 150 цагдаа гэмтэж бэртсэн бөгөөд баривчлагдсан хүмүүсийн зарим нь өмнө нь гэмт хэрэг үйлдсэн эсвэл хориотой бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэв. Мөн Туркийн Дотоод хэргийн яамнаас гаргасан албан ёсны мэдээллээр баривчлагдсан жагсагчид бүгд "хууль сахиулагчдад эсэргүүцэл үзүүлсэн" гэх үндэслэлээр баривчлагдсан байна. Мөн орон даяар жагсаал цуглаан хийхийг хориглосон хугацааг дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгасан тухай мэдэгдэл гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ