Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцэв

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын санаачилгаар зохиогдсон “Украинд туслах хүсэлтэй улсуудын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалт Парис хотноо зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалтад Европын 20 улсаас гадна Канадын эрх баригчид оролцож, Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг голчлон хэлэлцсэн байна. Э.Макрон уулзалтын дараа, “Бид Украиныг дэмжинэ. Мөн Европ тивд энх тайван, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэх болно” гэж онцолжээ. Тэрбээр мөн Украин улс энх тайвны үйл явцад идэвхтэй оролцох ёстойг тэмдэглэсэн байна. Уулзалтад оролцогчид Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцэж, Европын орнуудын батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх, Орос-Украины дайныг зогсооход чиглэсэн АНУ-ын шинэ засаг захиргааны хүчин чармайлтыг дэмжих талаар санал солилцсон байна.
Гэсэн хэдий ч зарим удирдагчид уулзалтын зохион байгуулалт, оролцогчдын бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Украины асуудлыг Европын Холбооны бүх улс орнуудын удирдагчид хамтран хэлэлцэх ёстой гэж үзэж, уулзалтын бусад оролцогчдод “Дональд Трампын эсрэг формат” байгуулахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ, Орос-Украины дайныг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа тул Европын орнууд үүнд туслах ёстой гэж тэмдэглэжээ. Уулзалтын төгсгөлд Европын удирдагчид Украинд цэргийн тусламж үзүүлэхээ үргэлжлүүлэн илэрхийлж, Европ дахь батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэх байр суурин дээр санал нэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ