АНУ 300 гаруй оюутны визийг цуцалжээ

Палестиныг дэмжих хөдөлгөөнтэй холбоотойгоор Америкийн их, дээд сургуулиудын хотхонуудад өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны улмаас 300 гаруй гадаад оюутны визийг хүчингүй болгосон талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Марко Рубио мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Гайана улсад хийсэн айлчлалын үеэр сэтгүүлчдэд хандан, “Бид ийм төрлийн арга хэмжээг өдөр бүр авч хэрэгжүүлж байна. Манай улсын хууль визийн нөхцөлийг зөрчиж, үймээн самуунд оролцсон этгээдүүдийг тогтоон, визийг нь хүчингүй болгодог. Ийм туйлширсан үзэлтэй хүмүүст хариуцлага тооцож байна. Хэзээ нэгэн цагт ийм "туйлширсан үзэл баримтлал эцэс болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолжээ. Түүний энэ мэдэгдэл нь АНУ-д Израиль, Палестины мөргөлдөөнтэй холбоотой эсэргүүцлийн ажиллагаа идэвхжиж, их сургуулиудын орчинд улс төрийн тэмцэл өрнөж буй үед хийгдсэн юм. Түүнчлэн, Дональд Трампын засаг захиргааны Израилыг дэмжиж буй бодлоготой санал нийлэхгүй байр суурь илэрхийлж буй гадаадын оюутнуудыг баривчлах, улсаас албадан гаргах ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. М.Рубио мөн АНУ-ын визийн журам, зорилготой холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, “Манай улс танд эрдмийн зэрэг олгох, боловсрол эзэмшүүлэх зорилгоор виз олгодог. Харин улс төрийн тэмцэлд оролцох, нийгмийн зүтгэлтэн болох боломж олгох зорилготой биш. Хэрэв та АНУ-д нэвтрэхдээ визийн журмыг зөрчиж, хуурамч мэдүүлгээр орж ирээд, олгогдсон визээ ашиглан нийтийн эмх замбараагүй байдал өдөөж, хууль бус ажиллагаанд оролцвол бид таны визийг цуцлах болно” хэмээн мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид сүүлийн саруудад улс орны дотоод аюулгүй байдлыг хамгаалах, гадаадын иргэдийн визийн нөхцөл, зорилгыг шалгах, зөрчлийг таслан зогсоох чиглэлд анхаарлаа улам чангатгаж байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ