Валютын нөөц $4.7 тэрбумд хүрэв

2025 оны гуравдугаар сарын 18-наас 24-ний хооронд Монгол Улсын экспортын орлого 268 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 9 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт голлох нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмал 57 мянган тоннд хүрч мөн 31 хувиар, төмрийн хүдэр 176 мянган тоннд хүрч 13 хувиар тус тус нэмэгдсэн нь экспортын гол тулгуур хэвээр байгааг бататгав.
Импортын хэмжээ мөн адил өсөлттэй гарсан ч экспортын орлогын өсөлтийн түвшинд хараахан хүрээгүй байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар нийт импорт 225 сая ам.долларт хүрсэн нь өмнөх долоо хоногоос 3 сая ам.доллароор илүү гарчээ. Импортын энэ өсөлтөд дизель түлш, шатахууны нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Эдгээр эерэг үзүүлэлтийн үр дүнд гадаад валютын улсын нөөц богино хугацаанд мэдэгдэхүйц өсөлттэй гарчээ. Тухайлбал, долоо хоногийн дотор валютын нөөц 291 сая ам.доллароор нэмэгдэж, нийт дүнгээрээ 4.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Монгол Улс ойрын дөрвөн сар гаруйн импортын хэрэгцээг хангах хэмжээний валютын нөөцтэй болсныг илтгэж байгаа юм.
Сүүлийн саруудад гадаад валютын нөөцийн түвшин олон нийтийн анхааралд байсаар ирсэн бөгөөд Засгийн газар, Монголбанкнаас нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Экспортын орлогын өсөлт нь энэхүү зорилтыг дэмжсэн эерэг үзүүлэлт болж байгааг эдийн засагчид онцолж байна.
Хэдийгээр экспортын нүүрсний биет хэмжээ буураагүй ч үнэ огцом унасан нь сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн нийлүүлэлт цаашид тогтвортой үргэлжилбэл валютын нөөцийн өсөлт богино хугацаанд үргэлжлэх хандлагатай байна. Түүнчлэн тээвэр ложистикийн үйл ажиллагаа саадгүй үргэлжилж байгаа нь экспортын өсөлтийг хангаж буй гол шалтгаануудын нэг болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ