Армени Европын Холбоонд элсэх үү?...

Армени Европын Холбоонд элсэх үү?...

Армени Европын Холбоонд элсэх үйл явцыг эхлүүлэх хуулийг баталлаа Бүгд Найрамдах Армени Улсын парламент Европын Холбоонд (ЕХ) гишүүнээр элсэх үйл явцыг эхлүүлэх тухай хуулийн төслийг хоёр дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталжээ.

Уг хуулийн төслийг 64 гишүүн дэмжиж, 7 гишүүн эсэргүүцсэн байна. Хуулийн батлагдсаныг ЕХ-ны удирдагчид сайшаан хүлээн авч, Армени улсын ардчилал, нийтлэг үнэт зүйлсэд тууштай хандаж буй тод илэрхийлэл хэмээн онцолжээ. Тэдний үзэж буйгаар энэ нь ЕХ-Арменийн харилцаанд чухал шинэ үе шатыг эхлүүлж буй хэрэг.

Хуулийн төсөл хэрхэн батлагдав?

Армени улс ЕХ-нд элсэх үйл явцыг эхлүүлэх санаачилгыг иргэний нийгмийн “Ардчилсан хүчний индэр” байгууллага анх гаргасан бөгөөд тус хөдөлгөөн хоёр сарын дотор 60 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, парламентын анхааралд хүргэсэн байна. Арменийн засгийн газар уг төслийг 1-р сарын 9-нд дэмжсэн бол парламент 2-р сарын дундуур эхний хэлэлцүүлгээр баталж, улмаар эцсийн хэлэлцүүлгээр албан ёсоор хуульчиллаа. Хуулийн төсөлд “Арменийн ард түмний хүсэл зоригийг илэрхийлж, улс орноо аюулгүй, хамгаалагдсан, цэцэглэн хөгжсөн орон болгох зорилгоор Европын Холбоонд элсэх үйл явцыг эхлүүлж байна” гэж заасан байна. Одооноос эхлэн Армени улс ЕХ-нд элсэх урт хугацааны үйл явцыг хэрэгжүүлэхийн тулд улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн шинэчлэлүүд хийх шаардлагатай болох юм. ЕХ-ны зүгээс ч тус улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэж, шаардлагатай стандарт, шалгуурыг хангах эсэхийг судлан дүгнэх ажээ. Армени улс Европын интеграцид илүү ойртож буй энэ үйл явц бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх нь олон улсын анхаарлын төвд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ