ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДЫН ДЭВШҮҮЛСЭН 3 САНАЛ ДЭМЖИГДЛЭЭ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна. Дэлхийн эдийн засгийн тоглоомын дүрэм ойлгомжгүй болж байгаа өнөө үед Монголчууд бид тодорхой саналтай, шийдэлтэй байх хэрэгтэй тухай Монгол Улсын тэргүүн шадар сайд өмнө нь хэвлэлийнхэнд хэлж байсан билээ.
Тэгвэл БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай хийсэн албан ёсны уулзалтын үеэр хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахыг илэрхийлж, дараах 3 чиглэлээр хамтран ажиллах тодорхой саналуудыг дэвшүүлжээ.
1. Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх;
2. Эрчим хүч болон бусад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх;
3. Шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны паркыг хамтран хөгжүүлэх.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян эдгээр саналыг бүрэн дэмжиж, хоёр улсын ард иргэдэд ашиг тустай байх бүхий л санал санаачлагуудад ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрш орны хувьд эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ