ТУРКИЙН ЖАГСААЛААС 1418 ХҮН БАРИВЧЛАГДЖЭЭ

ТУРКИЙН ЖАГСААЛААС 1418 ХҮН БАРИВЧЛАГДЖЭЭ

Турк улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаал улам эрчээ авч байна. Засгийн газраа эсэргүүцсэн уг жагсаалыг эрх баригчид “хууль бус” хэмээн үзэж байгаа бөгөөд хүчээр тараах оролдлого хийж байна. Өнөөдрийн байдлаар 1,418 хүн баривчлагдсан байна гэж тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдэгдлээ.

Үүнээс нийгмийг турхирч, цагдаагийн алба хаагчийн биед халдан үндэсний үнэт зүйлсийг уландаа гишгэсэн 478 хүний хэргийг шүүхэд шилжүүлнэ гэжээ. Мөн Туркийн иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг сурвалжлан зураг дарсан гэх Францын AFP агентлагийн зурагчин Ясин Акгүл тэргүүтэй долоон сэтгүүлчийн хэрэг шүүхэд шилжиж байна. AFP мэдээллийн агентлагийн дарга Фабрис Фрийс Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганд захидал илгээж, сэтгүүлчдийн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Ясин Акгүлын хувьд жагсаалд оролцоогүй ажлаа хийж үйл явдлыг сурвалжилж байсан бөгөөд жагсаал эхэлснээс хойш 187 зураг дарсан нь шүүхийн өмнө нотлох баримт болно гэж AFP мэдээллийн агентлагийн дарга Фабрис Фрийс онцолжээ.

Туркийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт тусгай ажиллагаа явуулж Истанбул хотын дарга Экрем Имамоглу тэргүүтэй 100 гаруй хүнийг баривчилсан нь олон улсын анхаарлыг татаж байна. Истанбул хотын дарга Экрем Имамоглу 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Туркийг 22 жил удирдсан Ерөнхийлөгч Эрдоганы хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг гэгдэж буй.

Р.Т.Эрдоганы хувьд бүрэн эрхийн хугацаа 2028 онд дуусна. Гэвч тэрээр үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж дахин сонгогдох замаа засах учир Экрем Имамоглуг баривчлан ял оноох гэж байна хэмээн шинжээчид харж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ