ОРОС-УКРАИН ХАР ТЭНГИСТ ГАЛ ЗОГСООХООР ТОХИРОЛЦОВ

ОРОС-УКРАИН ХАР ТЭНГИСТ ГАЛ ЗОГСООХООР ТОХИРОЛЦОВ

Орос-Украин Хар тэнгист гал зогсоохоор тохиролцжээ. Талууд Хар тэнгист гал зогсоохоор хэлэлцсэн нь Саудын Арабт болсон хэлэлцээрийн эхний үр дүн гэж ажиглагчид харж байна. Хар тэнгист гал зогсооно гэдэг үр тариа, наран цэцгийн тос зэрэг хүнсний нийлүүлэлтийн суваг нээгдэнэ гэсэн үг юм.

Даваа гарагт АНУ-ын төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Орос-Украины төлөөлөгчидтэй гал зогсоох, цаашлаад энхийн гэрээ байгуулах уулзалт хийсэн байна. Энэ уулзалтад АНУ-ын төлөөлөгчид Орос-Украиныг төлөөлөн хэлэлцээрт орж буй төлөөлөгчидтэй тус тусад нь уулзалт хийсэн байдаг. 12 цаг үргэлжилсэн талуудын уулзалт эерэг уур амьсгалтай болж тодорхой үр дүнд хүрсэн гэж АНУ-ын талаас мэдээлсэн.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хар тэнгист гал зогсоох тохиролцоог “зөв алхам” бөгөөд Украин улс энх тайвныг хүсэж буйгаа харууллаа хэмээн мэдэгдсэн юм. Харин Хар тэнгист хэзээнээс гал зогсох талаар дурдсангүй.

ОХУ: ХОРИГ ЦУЦЛАГДАХГҮЙ БОЛ ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГЖИХГҮЙ

Гэвч ОХУ-ын талаас “АНУ манай хүнс, бордооны нийлүүлэлтэд тавьсан хоригоо цуцалсан тохиолдолд “Хар тэнгист гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ” гэлээ. Хэлэлцээрийн үед ОХУ-ын талаас дараах шаардлагуудыг тавьжээ. Үүнд:

-Хөдөө аж ахуйн салбар болон хүнсний худалдаанд оролцож буй ОХУ-ын банкуудыг “SWIFT” төлбөрийн системд дахин холбох

-ОХУ-ын хүнс тээвэрт явж буй тус улсын далбаатай хөлөг онгоцнуудад тавьсан хоригийг цуцлах

-Хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн хязгаарлалтыг зогсоох гэжээ.

ОХУ-ын тавьсан шаардлагыг биелүүлэх эсэх дээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп: “Бид байж болох бүх хувилбарыг судалж байна” гэв.

Украин-Орос дайн эхэлсэн жилүүдэд дэлхийн үр тариа, хүнс тээвэрлэлтийн үнэ өссөн байдаг. Талууд Хар тэнгисээр тээвэрлэгдэж буй хүнсийг чөлөөтэй нэвтрүүлэх тухай “Хар тэнгисийн санаачлага” баталсан юм. Энэ хэлэлцээрийг оролцогч талууд хэд хэдэн удаа сунгаж байсан ч 2023 оны 7-р сард ОХУ хэлэлцээрээс бүрмөсөн гарсан байдаг. ОХУ энэ үйлдлээ “Хар тэнгисийн санаачлага” хэлэлцээрийн гол заалт хэрэгжээгүйтэй холбон тайлбарлаж, Украиныг буруутгаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ