''Тesla''-ийн борлуулалт буурч байна

''Тesla''-ийн борлуулалт буурч байна

Илон Маск Цагаан ордонд хоёр дахь сардаа ажиллаж байгаатай зэрэгцэн Tesla-гийн хэрэглэгчид цахилгаан машинаа урьд өмнө байгаагүй их хэмжээгээр худалдаж, солилцож байна гэж Edmunds автомашины худалдааны вэбсайт  онцолжээ. 

Edmunds-ийн пүрэв гарагт гаргасан мэдээллээр гуравдугаар сард Tesla-гаа өөр брэндийн шинэ болон хуучин автомашинаар солих үзүүлэлт түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. 

Маск, Трампын захиргаанд орж, төрийн зардлыг танах ажилд ихээхэн цаг заваа зарцуулах болсноор түүнийг өөрийн бизнестээ анхаарал бага тавих боллоо хэмээн үзэж, үүнийг баталж буй мэтTesla-ийн борлуулалт ч огцом буурч эхэлжээ. 

Нэгдүгээр сард Вашингтон хотод Трампын засаг захиргааны гол хүн болж ирснээсээ хойш Tesla-гийн Гүйцэтгэх захирал Илон Маск холбооны төрийн албан хаагчдыг цөөлж, төсвийн зардлыг танах бодлого хэрэгжүүлж завгүй ажиллаж байна.

Төрийн шинэ байгууллага болох “Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх хэлтэс” (Department of Government Efficiency, DOGE)-ийг тэргүүлэхээсээ өмнө Маск Трампыг сонгуульд ялалт байгуулахад 290 сая доллар зарцуулсан гэсэн мэдээлэл бий.

Одоогийн байдлаар Tesla-ийн хувьцааны үнэ 42%-иар унаж, багагүй шуугианыг дагуулаад байна. 

Трамп сонгуульд ялсны дараа хөрөнгө оруулагчид Tesla-гийн хувьцааг идэвхтэй худалдан авч байсан ч сүүлийн үед хувьцаагаа их хэмжээгээр зарж, компанийн үнэлгээ 42%-иар унасан нь зах зээл дээр анхаарал татах үйл явдлуудын нэг болоод байгаа юм.

Tesla өрсөлдөөнд шахагдаж, зах зээлээ алдаж байна

Цахилгаан машины зах зээлд Ford, Chevrolet, Volkswagen зэрэг компаниуд хүч түрэн орж ирж, Tesla-ийн борлуулалт АНУ-д 11%-иар буурсан гэж S&P Global Mobility-ийн нэгдүгээр сард гаргасан судалгаанд дурджээ.

Edmunds-ийн зах зээлийн шинжээч Жессика Колдуэлл хэлэхдээ,

“Tesla-ийн хэрэглэгчдийн сэтгэл ханамж буурч байгаа нь уламжлалт автомашин үйлдвэрлэгчид болон цахилгаан машины стартап компаниудад харин боломж олгож байна гээд хэлчихэд хилсдэхгүй. Одоо гол нь үнэ, технологи болон компанийн нэр хүнд, зоримог шийдвэртэй алхам л алдагдсан боломжийг эргүүлэн авахад туслах байх гэжээ. 

Tesla-гийн брэнд үнэлгээ 2024 онд 26%-иар буюу 15 тэрбум доллараар буурсан гэж Brand Finance судалгааны компани мэдээлэв.

Tesla-ийн хэрэглэгчид ихэвчлэн хуучин машинаа шинэ загвар Tesla-аар солих хандлагатай байдаг ч Edmunds энэ төрлийн арилжааг тооцоогүй байна.

Tesla компани энэ талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ