ХОЙД СОЛОНГОС 10.000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод 10 мянган айлын орон сууц ашиглалтад орлоо. Пхеньян хотын Хвасон дүүрэгт сүндэрлэсэн шинэхэн орон сууцны хороололд тус улсын удирдагч Ким Жон Ун зочилсон байна.
2021 онд Ким Жон Ун ядуурлыг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилт тавьж таван жилийн төлөвлөгөө баталсан байдаг. Энэ төлөвлөгөөний хүрээнд тус улсын нийслэлд орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэсээр байгаа бөгөөд нийдээ 50 мянган айлын орон сууц цаашид баригдана гэлээ.
Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улсынхаа бүтээн байгуулалтын ажлын явцыг "Пхеньяны хурд" хэмээн нэрлэжээ. Мөн тус улсын барилгачид “Ryomyong New Town” дахь 70 барилгыг ердөө 74 хоногийн дотор барьж дуусгасныг онцолжээ.
Гэвч Хойд Солонгост өндөр орон сууцанд амьдрах гэдэг маш хүндрэлтэй. Учир нь эрчим хүчний хангамж хүрэлцээгүй, байнгын хомстолтой. Өндөр орон сууцны лифт ажилладаггүй. Тиймээс бодлогоор залуу хүмүүсийг өндөр давхарт, хөгшин настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доод давхарт амьдруулдаг байна. Мөн БНСУ-ын Барилга, Барилгын Технологийн Хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Хойд Солонгос нийт айл өрхийнхөө 70-80 хувийг л багтаах хэмжээний орон сууцтай гэж дүгнэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ