Өнөөдөр Наурызын баярын өдөр

Өнөөдөр Наурызын баярын өдөр

Монгол Улс 2024 онд “Наурыз” баярын өвийг дэлхийн 12 улсын хамтаар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад амжилттай бүртгүүлж, ийнхүү манай улсын 17 дахь өв дэлхий дахины үнэ цэнт олон улсын жагсаалтад орсон билээ.

Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай ажээ.

Өөрөөр хэлбэл өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор казахын ард түмэн жил бүр тэмдэглэн ирсэн түүхтэй. Наурызын баярыг Монголын Казахууд 1990 оноос эхлэн тэмдэглэж байна.

Монголын Казахуудын хувьд Наурызын баярыг шашны баяр гэхээсээ илүүтэй нүүдэлчдийн хаврын тэргүүн сарыг угтах баяр ёслол гэж үзэж ирсэн байна. Тэд саранд мөргөх, ихэс дээдсийг хүндэтгэх, газар дэлхий, уул усыг аргадах, шүтэх, мал маллах ухаан, аж ахуйг эрхэмлэх олон зан үйл үйлддэгээрээ наурызын баярыг шашны баяр бус зан заншилд үндэслэсэн баяр гэдгийг тодхон харуулж чадсан. Наурызын баярыг хаана, хэзээ, хэдийд, хэдэн сарын хэдэнд анх тэмдэглэсэн тухай түүхэн баримт байхгүй ч өдгөө наурызын баярыг 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэж байхаар нийтээр тогтжээ. Энэ өдөр “өдөр, шөнө” тэнцдэг тул казахуудын хувьд ч бүх зүйл тэнцэж, эрх тэгш, эрх чөлөө эдэлдэг өдөр гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүний эрхийг дээд зэргээр хангасан, эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн ардчилсан үзэлт баяр гэж хэлж болно.

Энэ өдөр газар дэлхийд хамаг сайн сайхны ур орж, зулзган ногоо цухуйж, мал төллөж, цагаан идээ гарч, ард олны нуруу тэнийсэн сайхан өдөр ирдэг гэж үздэг тул хүн бүр сайн сайхныг хүсдэг, сэтгэл ариуцсан өдөр болдог. Энэ утгаараа Монголын казахуудын тэмдэглэж ирсэн наурызын баяр эх дэлхийд “энхийг эрхэмлэсэн” эерэг баяр болно.

Наурызын баяр нөгөө талаараа нийтийн баяр. Дээр дурдсанчлан энэ өдөр эрх ямба, зэрэг зиндаа үл харгалзан нийтээр тэмдэглэдэг эрх тэгш баяр учраас төр засгийн баяр, ард олны тэмдэглэх баяр гэсэн ойлголт байхгүй. Харин ард олон нь төр засаг, улс орны хүндэтгэн дээдэлж, бүрэн бүтэн байхын ерөөлийг дэвшүүлдэг. Энэ нь Наурызын баяраар хамгийн түрүүнд хэлдэг мэндчилгээний ерөөлөөр баталгаажсан гэж хэлж болно. Тухайлбал, “ Улыс он- Ак мол болсын” өөрөөр хэлбэл “Төр түвшин-түмэн олон амгалан болтугай” гэсэн утга илэрхийлнэ.

Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” буюу наурыз-шөл хэмээх хоол юм. “Наурыз-шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтцээс бүрдэнэ. Үүнд: ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү зэрэг орно. Энэ нь баяр баясгалантай, азтай, цэцэн, эрүүл байх, элбэг дэлбэг байх, хурдан шаламгай, бурхнаас өршөөлтэй байхыг билэгддэг.

Монголын казахуудын хувьд Наурызын баярыг 1990 оноос хойш тасралтгүй тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэд жил ирэх тусам наурызын баярыг өргөн тэмдэглэх болсон бөгөөд, мартагдсан зарим өв уламжлал, зан заншлыг энэхүү баяраар дамжуулан сэргээж байдгаараа онцлогтой.

Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг байна. 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм.

Энэхүү баярыг 1930-аад оноос тэмдэглэхийг хориглосон бөгөөд казахууд 1990 он хүртэл нуугдмал байдлаар гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг байжээ. Ингэхдээ мал аж ахуйтай холбон тайлбарлаж, анхны төлийн мялаалга гэж үр хүүхдэд зааж сурган хэлдэг байсан байна. Учир нь нэг намын тогтолцоотой өнгөрсөн нийгэмд хүүхдүүд нь ам алдах бий гэсэн болгоомжлол байсан хэрэг. Ахмад буурлуудын хууч яриагаар Төр засгаас шашны баяр, бурунгуйн ёс, баячуудын баяр гэх үндэслэлээр “Наурыз”-ын баярыг тэмдэглэхийг хориогложээ. Үүнд ЗХУ-ын харьяанд багтсан Казахстанд ч энэхүү баярын 1928 оноос нийтээр тэмдэглэхийг хориглосонтой холбоотой хөрш орон Монголын казахууд, монгол оронд ч наурызыг тэмдэглэн өнгөрүүлэхийг хатуу хориглож, нам засгийн шийдвэрийг чанд баримтлахыг удирдлагуудад үүрэгдсэн гэдэг. Угтаа Наурыз нь шашны баяр бус нүүдэлчин ард түмний хавар цагийг угтсан мал аж ахуй, нүүдлийн амьдралд суурилсан баяр байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ