Д.ТРАМП ИРАНЫ ЦӨМИЙН АСУУДЛААР АЯТОЛЛА АЛИ ХАМЕНЕИД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеид захидал илгээв. Дональд Трампын илгээсэн захидалд, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар шинэ хэлэлцээр байгуулах тухай дурджээ.
Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрт хяналт тавих саналаа Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Мохамед бин Заед Аль Нахайянд мөн хүргүүлсэн бөгөөд Мохамед бин Заед Аль Нахайянд Дональд Трампын захиаг Ираны дээд удирдагчид хүлээлгэн өгчээ.
Дональд Трамп мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Украины асуудлаас гадна Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцсэн байна. Энэ үед Дональд Трамп, Владимир Путин нар цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийн эсрэг ижил байр суурьтай байна гэж Цагаан ордноос мэдэгдсэн юм. Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тухай шинэ гэрээ байгуулбал Ираныг хохироохгүй байр суурийг нь хүндэтгэн үзэж хэлэлцээр хийнэ гэж Дональд Трамп мэдэгдсэн юм.
Хэрэв Иран цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг шинээр байгуулахаас татгалзвал АНУ ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Гэхдээ АНУ-ын зүгээс Ираны цөмийн байгууламжийг онилсон цэргийн ажиллагаа Израилаар дамжуулан явуулж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа АНУ-ыг Ирантай цөмийн хэлэлцээрээс гаргасан байдаг. Мөн 2020 онд Ираны генерал Касем Солеймани АНУ-ын нисгэгчгүй онгоцны цохилтод өртөн амиа алдсан нь Иранчуудын уур бухимдлыг дээд цэгт нь тулгасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ