Өр, орлогын харьцааг 40:60 болгон чангарууллаа

- СЗХ нь банк бус санхүүгийн байгууллага болон бусад зөвшөөрөл авдаг байгууллагуудын зээл олгох журманд өөрчлөлт оруулж, 40:60 болгон өр орлогын харьцааг чангатгалаа.
- Энэхүү арга хэмжээ нь импортын автомашины тоог хязгаарлах, валют гадагшаа урсахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн үзэж байна.
- Экспортын орлого саарч, тарифаас үүдэлтэй эдийн засгийн хямрал 2027 оныг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа тул хэмнэлтийн горим руу шилжиж байна. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо огцом өссөн нь бага хэмжээний урьдчилгаа мөнгө төлөөд машинаа зээлээр авах үйлчилгээг бараг бүх банк, банк бус санхүүгийн байгууллага үзүүлж буйтай зарим талаар холбон тайлбарладаг. Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь зээлээр санхүүжсэн байдаг. Төв банкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгож чангаруулж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл дээрх шийдвэртэй уялдуулан СЗХ нь банк бус санхүүгийн байгууллага болон бусад зөвшөөрөл авдаг байгууллагуудын зээл олгох журмыг чангаруулж, 40:60 харьцааг мөрдөхөөр болгож, зохицуулалт хийжээ. Учир нь, Монгол Улсад өнгөрсөн жил 120 мянган суудлын тэрэг импортоор орж ирсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн. Тэгвэл өмнөх жилүүдэд жилийн турш 70 мянган машин импортолжээ. Манай экспортын гол түүхий эд нүүрсний ханш унасан. Цаашдаа ч энэ ханшийн уналт үргэлжлэх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцээд тарифаас үүдэлтэй хямрал ганцхан манай улс гэлгүй бүх улсын эдийн засагт эрсдэл дагуулж байна. Иймд олж байгаагаасаа хэд дахин үрэлгэн амьдрах нь эдийн засгийн том алдагдлыг учруулах эрсдэлтэй хэмээн үзэж өр, орлогын харьцааг чангаруулжээ. Өмнө нь өр орлогын харьцаа 30:70 байсныг ийнхүү босгыг нь өндөрсгөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ