Нүүрсний үнэ цаашид ч буурна

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн буурах төлөвтэй байна. Нүүрсний хилийн үнийг 2025 онд 80-85 ам.доллар, 2026 онд 75-80 ам.доллар байх өөдрөг төсөөллөөр төсвөө баталчихсан. Гэтэл улсын хэмжээнд экспортын орлого оны эхний нэгдүгээр сард 23 хувиар буурчээ. Үүнд нүүрсний үнэ буурсан нь голлох нөлөө үзүүлсэн байна.
Нүүрсний экспортын биет хэмжээ нь тайлант хугацаанд 5.8 сая тонн болж, дундаж үнэ 82 ам.долларт хүрч буурсан нь жилийн өмнөхөөс 38 хувиар ханш нь унаад байна. Энэ онд “Оюу толгой”ХХК-ийн экспортын орлого нэмэгдэх ч нүүрс, төмрийн хүдрийн ханш унах төлөвтэй байна.
Эрх баригчид экспортын гол нэрийн түүхий эд дээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болон Оюу толгойн зэсийн баяжмал дээр гол найдлага, хүлээлтээ тавьж байна.
2024 онд манай улсын нүүрс олборлолт 100 сая тонн, экспорт 83 сая тоннд хүрч, Оюутолгойн зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбар 10.8 хувиар нэмэгдсэн бол өнгөрсөн онд 9.4 сая толгой мал хорогдсоноор ХАА салбар 28.7 хувиар агшжээ. Хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, төсвийн төлөв сулрах, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх нь уул уурхайн бус салбарын өсөлтийг тэтгэхээр байна.
Инфляц энэ оны нэгдүгээр сард 9.6 хувьд хүрч, өмнөх сарынхаас 0.6 нэгж хувиар нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил, цалингийн өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнийн өсөлт хүлээлтээс өндөр байв. Цахилгааны тарифын өсөлт, түүний дам нөлөө инфляцыг өсгөж, хэрэглээний сагсны 410 бүтээгдэхүүнээс 8-аас дээш хувиар өссөн бүтээгдэхүүний тоо нийт сагсны 48 хувийг бүрдүүлжээ. Инфляц энэ оны туршид зорилтот түвшнээс давж, 2026 оны хоёрдугаар улирлаас зорилтот интервалд хүрч тогтворжих магадлалтай. Гэвч 2027 оноос манай улсын эдийн засгийн өсөлт гадаад зах зээлийн нөлөөллөөр хурд нь саарах төлөв гарчээ.
Гадаад худалдааны эргэлт сайн байж, тээврийн салбарын өсөлт 23.1 хувиар нэмэгдлээ. Дотоод эрэлтийн нөлөөгөөр үйлчилгээний бусад салбар 8 хувиар тэлснээр үйлчилгээний салбар нийт эдийн засгийн өсөлтийн 4.8 нэгж хувийг бүрдүүлэв. Эдийн засгийн идэвхжил, импортын өсөлтийг даган татварын орлого бүрдүүлэлт сайжирч, бүтээгдэхүүний цэвэр татвар 16.1 хувиар нэмэгдсэнээр өсөлтийг 2 нэгж хувиар дэмжсэн байна.
Дунд хугацаанд мега төслийн бүтээн байгуулалтууд 2026 оны турш үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бол 2027 оноос гадаад эрэлт саарах, хөрөнгө оруулалт эргээд буурах, худалдааны нөхцөл муудах зэрэг нь өсөлтийн төлөвийг сааруулах магадлалтай. Өөрөөр хэлбэл, тарифын зөрчлийн үр дагавар үргэлжлэх хугацаа 2027 оноос илүү хүчтэй мэдрэгдэж эхэлнэ гэж таамаглаж байна.
Дотоодын гурил, мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөж, хүнсний инфляц ирэх улирлуудад нэмэгдэхээр байна. Дотоод эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байгаа нь импорт, дотоодын барааны үнийг өсгөж, нийт инфляц энэ оны туршид хоёр оронтой тоонд хадгалагдахаар байгаа тухай мөн танилцууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ