УИХ-ын дарга юу хэлэв?

УИХ-ын дарга юу хэлэв?

 

“Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж хязгаарлагдмал байна. Тэднийг эрвийх дэрвийхээрээ дэмжих учиртай. Цаашид гадаад зах зээлд нэвтрэхийн тулд хөнгөн үйлдвэр, технологийн паркууд чухал.

Бид өмнө нь 10 парк байгуулахаар шийдвэрлэсэн ч ажил болоогүй. Одоо ухралтгүй хийнэ, энэ тал дээрх хууль тогтоомжид тогтмол хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Цаашлаад тэгш хүртээмжтэй боловсролыг эн тэнцүү авч үзэх ёстой байна. Аймаг, сумдаар явж ажиллахад хүүхдүүдийн үг нүүр түлэм үнэн байсныг хэлэх хэрэгтэй. Интернэтийн хурд муу, хүйтэн сургуулийн орчин зэрэг нь бидний шийдэх асуудал мөн. Эдгээр бүхэнд стандартын асуудал тулгамдсан. Мөн төлөвлөлт чухал байна. Гэр хорооллыг дахин төвлөлөх асуудал ч улмаар тавигдана. Хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага хөндөх хувилбарыг сонгоорой гэж орон нутгийн иргэд хэлж байсныг дамжуулъя.

Бид Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлоход төрийн байгууллагын оновчтой байгуулалтыг шинэчлэн хийж, “Хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжих хуулийг даруй өргөн барина.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэг ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна.

Бидэнд хэлэлцэн шийдэх ажил их байна. Нөхцөл шалтгааныг нарийвчлан авч үзэх шаардлагатай байна. Дараах онцлох чиглэлээр хаврын чуулганд анхаарч ажиллана.

  1. 14 мега төслийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин. Геополитикийн ярвигтай энэ үед УИХ нь төрийн тогтвортой байдлыг хангаж, институт хоорондын уялдаа холбоог дэмжиж, зөв хандлагаар манлайлмаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад зургаан сарын нүүрийг үзэж байна. Талцал намчирхал гэхээсээ парламент түүхэн үүргээ санамаар байна. Элчин сайд нартай хийсэн уулзалтаар, бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлсээр байна.
  2. Хүн төвтэй хууль зүйн бодлогыг Хууль тогтоомжийн тухай хуулийг өөрчилснөөр хийнэ. Хууль ба журмын цогц харилцаа алдагдсанаар хууль биш журам ноёлж байна. Авлига, хүнд суртал гаарах хөрсийг тавьсаар байна. Иймд ХЗБХ-ны даргаар ахлуулсан ажлын хэсэг нь журам  батлах эрх олгож буй хуулиудад өндөр шаардлага тавих болно. ЗГ болон УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд үүнээс эхэлнэ.-
  3. Иргэн чинээлэг бол улс чинээлэг. Чинээлэг иргэд, малчид бий болмоор байна. Гэтэл давамгай нь зах зээлд хүч түрэх үзэгдэл газар авч байна. Тэдэнд оногдуулах хариуцлага үр нөлөөгүй байна. Монопольтой тэмцэх эрх зүйн орчин бүр хойно шүүхээр л шийдэгддэг сул талтай. 133 албан ёсны монополь байгаагаас 13 нь л Монополийн эсрэг газарт хамаарч байна. Ухаалаг бус зохицуулалт нь үнэ өсөх, хөөрөгдөх хүчин зүйл болж байгаа тул энэ салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хийнэ.
  4. Хуулиар биш 800 гаруй дүрэм журмаар зохицуулагдаж байгаа нь Эрчим хүчний шинэчлэлд тээг болж байна. Иймд Эрчим хүчний тухай хуулиа ч эргэн харна. Өрсөлдөөнт тогтолцоог нэвтрүүлэх нь цаашид цахилгаан экспортлох суурь болно.
  5. Татварын шинэчлэлийн хүрээнд олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Татварын тогтвортой орчинг зохицуулсан хуулиуд хэрэгжихгүй, тодорхойгүй байдал үүсгэж байна. Одоо үйлчилж байгаа татварын шатлалыг өнөөгийн онцлогт уялдуулах, жижиг том бизнес зэрэгцэн өргөжих чиглэлд аваачна. Зарим татварыг олон улсын хэмжээнд очтол бууруулах хэрэгтэй.
  6. Нэн  тэргүүнд стандартын орчныг ойлгомжтой болгомоор байна. Стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хяналт тавих механизм дутмаг, ойлголцлын зөрүү их байна. Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудлыг шинэ түвшинд гаргаж байж 14 мега төслөө хэрэгжүүлнэ. 6689 стандартын хэрэгжилт хүлээлтэд нийцэхгүй байна .

Хаврын чуулгахаар 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 төсвийн төсөөлөл, Өрийн удирдлагын стратегийн баримт бичиг зэрэг олон чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэн батална. Эрхэм гишүүд ээ, улс орны эдийн засагт дунд болон урт хугацаандаа эерэгээр нөлөөлөх асуудлыг эдийн засагт дарамт болгохгүйгээр хийхийг зорих, тэдгээрийн биелэлтэд анхаарах нь УИХ-ын ажил.

Инфляц 9.6 хувьтай, гадаад валют 4.4 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас буурлаа. Төсвийн тэнцэл 496 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Цаашид сэргэж эхэлж байсан эдийн засгийн идэвхэжлийг хадгалах нь юу юунаас чухал болоод байна. Эмзэг байдлаас гарахын тулд дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. УИХ-ын тогтоолоор хаврын ээлжит чуулганаар хийх хяналт шалгалтын цаглабрыг баталсан. Нэг талаас УИХ-ын гишүүдийн ирцийг сайжруулах хэрэгтэй байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ нэр төртэй биелүүлнэ үү. Эрхэм гишүүд ээ, шинэ парламент тангараг өргөөд 250 гаруй хонож байна. Хаврын чуулганы дийлэнхийг ажлын хэсгүүд үүрнэ шүү. Хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ