ОХУ УКРАИН “ГАЛ ЗОГСООХОД” ОЙРТОВ

АНУ-ын зуучлалаар Орос-Украины хооронд 30 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээ хийгдэхэд тун ойртжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төлөөлөгчид Украин болон ОХУ-д хүрэлцэн ирж талуудтай уулзалт зохион байгуулсан нь тодорхой үр дүн гаргаад байна. Гурван жил үргэлжилж буй Орос-Украины дайны галыг зогсоох хэлэлцээ талуудын хооронд үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар “ойрын өдрүүдэд” үг хэлнэ гэж BBC агентлаг мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ, Украин болон ОХУ-д 30 хоногийн хугацаанд гал зогсоох санал тавьсан бөгөөд гал зогсоох хэлэлцээг талуудын аль аль нь дэмжсэн. Харин Владимир Путины хувьд гал зогсоох саналыг бүрэн зөвшөөрөхөд тавигдах шаардлагуудыг АНУ-ыг талд хариу танилцуулаад байна.
АНУ-ын хэлэлцээнд оролцох дипломатууд энэ долоо хоногт дахин Орос-Украины төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ уулзалтын дараа гал зогсоох тохиролцоонд хүрэх магадлалтай гэж АНУ-ын тусгай элч Стив Виткофф мэдээлсэн юм. Тэгэхээр Орос-Украины дайны яриа хэлэлцээ долоо хоногийн дотор шийдэгдэх найдвар байна гэж Дональд Трампын тусгай элч Стив Виткофф онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Орос-Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж амлаж байсан бөгөөд тангараг өргөснийхөө дараа Владамир Путинтэй 90 орчим минут утсаар ярьсан байдаг. Тэрээр Владимир Путинтэй утсаар ярьж Орос-Украины дайныг нэн даруй зогсоох эхний алхамаа тавьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ