Донателла Версаче захирлын албан тушаалаас бууна

Италийн алдарт Versace брэндийн уран бүтээл хариуцсан захирал Донателла Версаче албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болжээ.Энэ жил 69 настай Донателла Версаче хатагтай Италийн алдарт Versace брэндийг ах нартайгаа хамт үүсгэн байгуулалцаж байсан юм. 1978 онд үүсэн байгуулагдсан тус брэндийн захирлаар ажиллаж байсан Донателлагийн ах Жианни 1997 онд цуврал алуурчны гарт амь үрэгдсэн. Үүний дараа 40 гаруй настай, загварын талаар мэргэжлийн хичээл сургалт албан ёсоор авч үзээгүй Донателла брэндийг удирдаж, үйл ажиллагааг нь чиглүүлэх хариуцлагатай үүргийг хүлээж авч байжээ. Тэгвэл 30 орчим жил Versace брэндийг хөгжүүлж, дэлхий дахинд танигдахад амьдралынхаа тэн хагасыг зориулсан Донателла бүтээлч захирлын ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон тухай мэдэгдлээ. Донателла ирэх дөрөвдүгээр сараас бүтээлч захирлаар бус брэндийн ахлах элч төлөөлөгчөөр ажиллах юм. Харин түүний залгамж халааг Италийн Prada брэндийн охин компани болох Miu Miu брэндийн загвар хариуцсан захирлаар ажиллаж байсан 42 настай Дарио Витале үргэлжлүүлэхээр болжээ.
Versace-г Prada худалдаж авах гэж байгаа тухай мэдээ гараад буй. Зарим хэвлэлд бичсэнээр худалдан авах гэрээ 1,5-2,0 тэрбум ам.долларын хооронд зурагдана гэж үзэж байна. Гэсэн ч одоогоор Prada Versace-г худалдан авах тухай албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа юм. Ямартай ч Prada-ын салбар Miu Miu брэнд өнгөрсөн онд ашиг орлогоо 93 хувиар өсгөж чаджээ.
Versace 2018 онд Micheal Kors группт зарагдсан бөгөөд 2019 онд Capri Holdings нь Versace-ыг худалдаж авсан. Тус брэнд Capri-ын нийт ашиг орлогын 20 хувийг өнгөрсөн жил бүрдүүлжээ. Өчигдөр тус холдингоос гаргасан албан ёсны мэдэгдэлд Донателлагийн Versace-д оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, хандив тусламжийг үүрд хадгалж хамгаалах бөгөөд түүний хийсэн бүхэнд гүн талархал илэрхийлсэн байна.
Харин Донателла өөрийн 12 сая дагагчтай инстаграм хуудастаа “Жианни ахынхаа өвийг үргэлжлүүлэхэд амьдралаа зориулсан нь гүн хүндэтгэл билээ. Versace бол миний ДНХ. Үргэлж зүрхэнд минь байх болно” хэмээн нийтэлжээ. Мөн тэрээр шинэ залуу үеийн загвар зохион бүтээгчдийг дэмжиж ажиллах дуртай байдаг бөгөөд Дарио Виталетай гар нийлэх болсондоо баяртай байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ