Орон сууцны 1м2 5.6 сая төгрөгт хүрэв

Орон сууцны 1м2 5.6 сая төгрөгт хүрэв

 

Орон сууцны үнэ өмнөх оныхоос 12.7 хувиар өсжээ. Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус, тус өсчээ. Шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.61 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуучин орон сууцны үнэ ч мөн өссөн бөгөөд шинэ орон сууцны үнэтэй дүйх болжээ. Статистикаас харвал хуучин орон сууцны үнэ 1 м2 нь дунджаар 4.5 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт 5.67 сая төгрөг болсон нь шинэ орон сууцны үнээс ч давсан үзүүлэлт болоод байна.

Монгол Улс 996 мянган өрхтэй ч 71 хувь нь буюу гуравны хоёр нь орон сууцгүй байна гэсэн судалгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан.

Мөн 2023 оны байдлаар орон сууцгүй, сарын орлого нь тодорхойгүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй 333 мянган өрх бий.

Орон сууцны үнэ сар тутамд өсөж байгаагаас болж 30 хувийн урьдчилгаагаа бүрдүүлж, ипотект хамрагдах мөрөөдөл иргэдээс улам бүр алсарч байна.  Өнгөрсөн онд гэхэд л 50 мкв хоёр өрөө орон сууцны 30 хувийн урьдчилгаанд 53 сая төгрөг бүрдүүлж байсан бол одоо энэ хэмжээний байрны урьдчилгаанд 66 сая төгрөг шаардлагатай. Орон сууцтай болох нь залуу гэр бүлүүдийн ''Монгол мөрөөдөл'' болж байртай болохын тулд цалин ахиуг нь бодож харийн нутгийг зорьсоор байна. Орон сууцны хөөсөрсөн үнээс болж бага дунд орлоготой иргэдэд зориулагдсан ипотекийн хөтөлбөр тэдэнд огт хүртээлгүй болж байна. 

Учир нь, 1 м2 нь 4.4 сая төгрөгийн үнэтэй 50 м2 байр худалдаж авах болоход урьдчилгаанд 66 сая төгрөг төлөх шаардлагатай. Иймээс нэг хэсэг нь байрны урьдчилгаа хийхийн тулд гадаадыг ч зорьдог. Харамсалтай нь, үнийн өсөлтөөс шалтгаалж, байр шинэ, хуучнаасаа үл хамаарч үнэ нь өссөөр тансаг зэрэглэлийн орон сууцны үнэтэй дүйж мэдэхээр болов.

Төв банкны ерөнхийлөгч ипотекийн зээлийн хүү хамгийн ихдээ 14 хувь байх журам гаргахаар арилжааны банкуудаас санал авч буй. Тодруулбал, тухайн иргэний ипотекийн зээлээр авах орон сууц нь хаана байрлаж байгаа, мөн талбайн хэмжээ зэргээс шалтгаалж хүү нь 6-14 хувь хүртэл байхаар тооцож журмыг боловсруулжээ. Үүгээр бол  Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах байранд өндөр хүүтэй ипотекийн зээл олгох бол нийслэлийн зах хэсэг болон  хөдөө орон нутаг руу алслагдах тусмаа ипотекийн хүү буурч 6 хувь болно.

Мөн анх удаа ипотекийн зээлд хамрагдах иргэдэд энэхүү боломжийг олгох бодлого барина. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ