“USAID” ЗОГССОН НЬ 2 САЯ ОРЧИМ ХҮНД НӨЛӨӨЛЖЭЭ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын хөтөлбөрүүдийн 80 хувь зогсоод байгаа. USAID-ийн хөтөлбөрүүдийн 80 хувь зогсож, үлдсэн 18 хувийг нь АНУ-ын Төрийн департамент хариуцан хэрэгжүүлэхээр болсон. АНУ-ын Тусламжийн хөтөлбөрүүд зогсох нь дэлхий даяар хүмүүнлэгийн хямрал үүсгэж, өлсгөлөн, үймээнээс эхлээд хүний амь насанд хүрэх асуудлууд хөндөгдөнө гэж үзэж байна. Тухайлбал, Суданд хүмүүнлэгийн тусламж зогссоны улмаас дүрвэгсдийг хооллодог 1100 орчим нийтийн гал тогоо хаагджээ. Нийтдээ USAID-ын хөтөлбөр зогссоноор дэлхий даяар 2 сая хүн өртсөн гэсэн тооцоо байна.
USAID-ын хөтөлбөрүүд зогссоноор Дональд Трампын засаг захиргаа Олон улсын хөгжлийн агентлагийн гэрээт гүйцэтгэгчид нөхөн төлбөр олгох шаардлагатай гэж Вашингтон дахь АНУ-ын дүүргийн шүүх үзжээ.
Шүүхийн дүгнэлтэд Холбооны засаг захиргаа Олон улсын хөгжлийн агентлагийн гадаад тусламжийг зогсоосон нь "Хүмүүнлэгийн хямралд хүргэж, улс орон даяар бизнес хөтөлбөрүүдэд нөлөөлж байна” гэжээ. Мөн Дональд Трампын засаг захиргаа үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлээд зогсохгүй, Конгрессын онцгой эрх мэдлийг булааж байна гэжээ.
Гэвч Дональд Трамп Америк нэгдүгээрт гэх арга барилаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө гадагш урсахыг зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа юм.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн 2000 орчим ажилтныг чөлөөлж, хилийн чанадад ажиллаж байсан ажилтнуудыг эргүүлэн татаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ