Украин АНУ-ын шаардлагын дагуу ОХУ-тай эвлэрэхэд бэлэн гэв

Орос-Украины дайныг зогсоох дараагийн шатны уулзалт мягмар гарагт Саудын Араб улсад болно. Энэ уулзалтад АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нар оролцохоор боллоо. Харин Украины талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын сайд нар оролцоно. Энэ уулзалтын өмнө Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-тай гал зогсоох хэлэлцээрт орохдоо АНУ-ын тавьсан шаардлагуудыг хүлээн авахад бэлэн гэж АНУ-ын төрийн департментаас мэдээлсэн юм.
ОХУ 2022 оны 2-р сард Украинд довтолсноос хойш 3 жилийн хугацаанд тус улсын газар нутгийн 20 орчим хувь буюу зүүн дөрвөн бүс нутагт хяналтадаа оруулжээ.
Саудын Араб улсад мягмар гарагт болох уулзалтад В.Зеленский албан ёсоор оролцохгүй. Харин Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салемантай уулзана гэж мэдэгдсэн юм.
Украины хувьд хамгийн чухал асуудал бол “Аюулгүй байдлын баталгаа” бөгөөд тиймдээ ч энэ сарын эхээр Цагаан ордонд болсон Д.Трамп В.Зеленский нарын эхний уулзалт бүтэлгүйтсэн юм. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Дональд Трамптай хийсэн эхний уулзалтад өөрийн байр суурийг хамгаалсан ч эцэст нь “буулт” хийж АНУ-тай газрын ховор элементийн салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулах санал өөрөө гаргасан байдаг. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг ОХУ-тай энхийн хэлэлцээрт орох, газрын ховор элементийн салбарт АНУ-тай хамтарч ажиллах шахалт үзүүлсээр гарцаагүй байдалд оруулж чадсан. Мөн тус улсын төрийн департментийн мэдэгдэж байгаагаар АНУ-ын тавих тулгалтуудыг Украин хүлээн зөвшөөрч магадгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ