ЕВРОП УКРАИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА БОЛОХ УУ?...

Дональд Трамп Украиныг ОХУ-тай энхийн хэлэлцээрт орох, газрын ховор элементийн салбарт АНУ-тай хамтарч ажиллах шахалт үзүүлсээр гарцаагүй байдалд орууллаа. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Дональд Трамптай хийсэн эхний уулзалтад өөрийн байр суурийг хамгаалсан ч эцэст нь “буулт” хийж АНУ-тай газрын ховор элементийн салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулах санал өөрөө гаргав. Энэ бол В.Зеленский ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудал яригдах эхний алхам бөгөөд АНУ болон Украины төлөөлөгчид ойрын хугацаанд дахин уулзалт хийхээр боллоо.
Гэвч Украины хувьд хамгийн чухал асуудал бол “Аюулгүй байдлын баталгаа”. Тиймдээ ч өнгөрсөн баасан гарагт Цагаан ордонд болсон Д.Трамп В.Зеленский нарын уулзалтын үеэр хамгийн их давтагдсан үг “Украины аюулгүй байдлын баталгаа” шаардсан В.Зеленскийн шаардлага байв. В.Зеленский АНУ-ын шахалтад орж, Владимир Путинтэй гал зогсоох хэлэлцээр хийлээ ч дахиад нэг, хоёр жилийн дараа ОХУ Украин руу дахин довтлохгүй гэх баталгаа алга байсан нь үл ойлголцох гол шалтгаан болж байсан юм.
АНУ-ЫН ӨГЧ БУЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп В.Зеленскийн шаардсан аюулгүй байдлын баталгаанд нэг их ач холбогдол өгөөгүй. Д.Трамп хэлэхдээ, “Аюулгүй байдлын баталгаа өгөх амархан. Энэ бол тулгарч буй асуудлын ердөө хоёрхон хувь” гэж мэдэгдэж байв.
Д.Трампын В.Зеленскийд өгч буй аюулгүй байдлын баталгаа бол Украины газрын ховор элементийг олборлох АНУ-ын компаниуд. АНУ-ын уул уурхайн том компаниуд ОХУ-ын халдах довтлох эрсдэлийг тогтоох гол хөшүүрэг гэв.
Гэвч ОХУ Украинд халдан довтолсон 2022 онд АНУ-ын олон компаниуд Украинд үйл ажиллагаа явуулж байв...
Харин Дональд Трампаас илүү АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины аюулгүй байдлын баталгаа бол Европ гэсэн илүү бодитой, шулуун гаргалгаа хийв.
ЕВРОПЫН БАЙР СУУРЬ
Франц тэргүүтэй Европын зарим орнууд Украины талд зогсоно гэж мэдэгдсээр байгаа. Гэхдээ Украин НАТО-ын дүрмийн дагуу хамгаалалтад орж чадахгүй. Энэ асуудлаар Европын холбооны удирдагчид ням гарагт Лондонд уулзаж, Европын аюулгүй байдлын төлөөх сайн дурын эвсэл байгуулах нь зүйтэй гэж хэлэлцэв.
Энэ үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энхийн гэрээ байгуулсаны дараа Украинд цэрэг байршуулах, үүнийгээ ОХУ-тай зөвшилцөх ёстой гэж үзжээ.
Их Британи, Австралийн зүгээс мөн адил Украин болон Европын аюулгүй байдлын төлөө нэгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн бол Европын бусад орнууд хангалттай хариу өгсөнгүй.
Тухайлбал Итали болон Герман цэрэг байршуулах эсэх асуултаас илтэд зайлсхийж байв.
Украины аюулгүй байдал дараах гурван зүйл дээр баталгаажна гэж Нью-Хавен их сургуулийн аюулгүй байдал улс төр судлалын хүрээлэнгийн профессор Matthew Schmidt үзэж байна.
Энэ бол АНУ-ын дэмжлэг, олон улсын оролцоо, шинэчлэгдэж өргөжсөн Украины арми.
Украйны хуурай замын 200 мянган цэрэг дээр энхийг сахиулагч 100 мянган цэрэг нэмэгдвэл ОХУ-ын эсрэг зогсох боломжтой. Энэ нь Украины ойролцоо байршуулсан ОХУ-ын цэргийн хүчний гуравны нэгтэй тэнцэнэ.
Гэхдээ ОХУ-ын зүгээс Украинд НАТО-ын цэргүүд байршвал хэлэлцээ хийх боломжгүй гэж мэдэгдсэн юм. РИА Новости агентлагийн мэдээлж байгаагаар хэрэв 100.000 орчим энхийг сахиулагч цэрэг Украинд байршвал Европ Украиныг “Де-Факто” эзэлсэн гэж үзнэ гэв.
ОХУ-ЫН БАЙР СУУРЬ
В.Путины өөрийнх нь онолоор ОХУ дайнд ялж байгаа. Хэрэв АНУ-ын дэмжлэг бүрмөсөн зогсвол Украиныг буулгаж авахад илүү амар болно.
Д.Трамп АНУ-ын тэргүүн байгаа цагт В.Зеленский ганцаардаж, харин Европ АНУ-ыг дагана гэж тооцоолж буй. Тиймээс ОХУ хяналтаа тогтоосон Украины дөрвөн бүс нутгийг эзэмшихээс нааш буулт хийхгүй гэсэн байр суурьтай. Мөн Украин төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх статустай, цөмийн зэвсгээс ангид цэрэггүй бүс байхаас гадна В.Зеленский суудлаа орхих ёстой гэсэн шаардлагыг тавьж буй.
Хэрэв АНУ ОХУ-д буулт хийж Украины зүүн дөрвөн бүс нутагт дахь ОХУ-ын хяналтыг хүлээн зөвшөөрвөл олон улсын хууль эрхзүйн дүрмийг эвдэж, Солонгосын хойгт 60 гаруй жил үргэлжилж буй эмзэг сэдвийг давтана гэсэн үг.
ЦААШИД...
Европ өөрийн бие даасан батлан хамгаалах салбараа хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, зэвсгийн үйлдвэрлэл, цэргийн сургуулилтыг чадавхжуулах алхамыг эхлүүлэх ёстой. Үүний тулд батлан хамгаалах салбараа дэмжих сан байгуулна гэж Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгджээ. Ингэхдээ Европын холбооны орнууд эхний ээлжид 150 тэрбум еврогийн зээл авах шаардлагатай гэсэн юм...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ