В.Зеленский: "АНУ-тай гэрээ байгуулахад бэлэн"

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах санал дэвшүүллээ. В.Зеленский хамтран ажиллах саналаа захидлаар илгээсэн бөгөөд Дональд Трамп уг саналыг нь сайшаасан байна.
Уг гэрээгээр Украины газрын ховор элементийг ашиглах эрхийг АНУ-д олгох замаар энхийн хэлэлцээрийг дэмжих зорилготой юм. Ингээд АНУ болон Украин ашигт малтмалын салбарт хамтран ажиллахаар болсон нь Орос Украины дайн дуусаж, энхийн гэрээ байгуулагдах эхлэл болж байна.
Өнгөрсөн баасан гарагт болсон хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт амжилтгүй болж, ширүүн маргаанаар өндөрлөсөн нь дайн сунжрах төлөв бий болгосон. Европын холбооны удирдагчид Украины бүрэн эрхт байдлыг дэмжиж, цэргийн тусламжийг үргэлжлүүлэхээ илэрхийлж байв. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины цэргийн тусламжийг зогсоох шийдвэр гаргасан юм.
Харин Украины талаас буулт хийж В.Зеленский энхийн хэлэлцээрийг дэмжихийн тулд ашигт малтмалын гэрээ байгуулахад бэлэн байгаагаа ийнхүү илэрхийллээ. Одоогоор АНУ Украины ашигт малтмалын гэрээний талаархи хэлэлцээрүүд үргэлжилж байгаа бөгөөд уг гэрээ нь хоёр талын харилцааг сайжруулахад чиглэгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ