Нөхөн сонгуулийн марафон
4 цаг 43 мин

 

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Түүнийг 20 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хассан. Гэхдээ эрхэм гишүүн Улсын дээд шүүхтэй муур хулгана болж буй. Цагаа тулбал дээд шүүхийн тогтоол УИХ-ын тамгын газарт хүргэгдчихэнэ. Тиймээс мянга зугтаад нэмэргүй.

АН-аас УИХ-ын нэгдүгээр тойрог Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгаас 56 мянга орчим иргэний санал авсан Дав.Цогтбаатар УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах эгзэгтэй байдалд тулж ирсэн.

Тэрээр 2016-2022 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж ял сонссон. Тодруулбал Мондулаан, Газ Импорт,Бэрэн групп-д давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг. Хамгийн сүүлд дээд шүүхийн шийдвэр албажиснаар Дав. Цогтбаатар шүүхийн шийтгэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх ёстой.  Хаврын чуулган ирэх сарын /2025.03.17/-нд нээлтээ хийнэ. Хамгийн эхний хэлэлцэх асуудал нь УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол эргүүлэн татагдана гэсэн хуулийн заалт бий.

Дав.Цогтбаатарыг эргүүлэн татсанаар УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нөхөн сонгууль явуулна. Харин энэ марафонд З.Энхболд, Г.Занданшатар, Г.Ганболд, Д.Тогтохсүрэн нарын нэр яригдаж буй.  

З.Энхболд,

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгохоор бусдад нөлөөлсөн хэрэгт буруутагдаж байв. Гэсэн ч шүүхээс түүнд холбогдсон хэргийг цагаатгаснаар З.Энхболд АН-аас УИХ-ын нэгдүгээр тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших сураг дуулдаж эхэлсэн. Тиймдээ ч тэрээр С.Баярыг Ерөнхий сайд байхдаа Энержи Ресурс ХХК-д Ухаа худгийг үлдээсэн Засгийн газрын тогтоолыг нийтэд дэлгэж, өөртөө улстөрийн оноо цуглуулж эхлээд буй.  

Г.Занданшатар,

Өдгөө ЕТГ-ын даргын алба хашиж буй Г.Занданшатар нөхөн сонгуулиар шархаа нөхөхөөр өнгөлзөж буй. Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуулиар 53 мянга 649 хүний саналаар Дав.Цогтбаатарт өвдөг шороодсон.

Д.Тогтохсүрэн,

УИХ-ын гишүүн асан, Д.Тогтохсүрэн өдгөө Монголросцветметийн захирал. Түүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлж, оронд нь Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярыг томилно гэх сураг бий. Г.Сайханбаяр УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшсэн ч ухуулагч нь хүн амины хэрэгт холбогдсоноор сонгуулийн сурталчилгааны үеэр эргүүлэн татагдсан юм.

Г.Ганболд,

Өвөрхангай аймгийн засаг ноён асан энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр хүмүүсийн тэргүүн фронтод бичигдэж буй.  

Хаврын чуулган эхэлмэгц Дав.Цогтбаатарыг парламентаас үдэж өгөх асуудал тэргүүн эгнээнд яригдана. Харин МАН-аас хэнийг нөхөн сонгуульд сойх вэ гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэх бол АН-аас уг тойрогт хэнийгээ зүтгүүлэх вэ гэдэг нь дахин хагарал дагуулж ч мэднэ. Учир нь АН-аас нэр дэвших хүмүүсийн нэр З.Энхболдоор хязгаарлагдахгүй. П.Нүрзэд, Б.Ган-Очир нар ч уг марафонд хүч үзэх сонирхол өндөр.

Shuud.mn
Сонин хачин