“Рио Тинто” групп дэлхийд тэргүүлэгч Австралийн Квинсландын их сургуультай хамтран “Өмнийн говийн гүний уурхайн институт” (ӨГГУИ)-ыг байгууллаа. Уг институтэд гадаад, дотоодын уул уурхайн мэргэжилтнүүд элсэн орсноор Оюу толгойн уурхайд олон улсын жишигт нийцсэн практик сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм. “Оюу толгой” компани нь уурхайн цогцолбортоо уг институтийн дадлага сургалтыг явуулахаас гадна суралцагсдад Оюу толгойн уурхай болон Улаанбаатар хот хоорондын нислэг, хичээллэх, амрах байраар бүрэн хангах бөгөөд уурхайн нарийн мэргэжилтнүүд дэмжлэг, зөвлөгөө өгөх юм.
Сүүлийн хорин жилд дэлхий даяар уул уурхайн инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын тоо мэдэгдэхүйц буурч, өндөр мэргэшсэн боловсон хүчний хомсдол бий болоод буй. Энэхүү гүний уурхайн практик сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлснээр салбарын ур чадварын дутагдлыг бууруулахын зэрэгцээ, Монголын уул уурхайн салбарыг дэлхий дахинд таниулахыг зорьж байна.
Рио Тинтогийн Арилжаа, Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Болд, “Дэлхийн шилдэг уул уурхайн мэргэжилтнүүдийг монголдоо бэлтгэх болсондоо тун баяртай байна. Рио Тинто групп 15 жилийн өмнө монголын ирээдүйд итгэж хөрөнгө оруулжээ. Ийн бид ирж буй олон арван жил итгэлт түнш байхаа бататгаж байна” хэмээн онцолсон юм.
Мөн энэхүү институтийг байгуулах төслийг удирдсан Квинсландын Их сургуулийн Гүний уурхайн гео-шинжлэх ухааны профессор Андре ван Ас “Бид олон улсын түвшний агуулга, практик сургалтуудыг багтаасан хосгүй хөтөлбөрийг салбарын экспертүүдтэй хамтран хүргэнэ. Үүгээрээ монголын гүний уурхайн салбарын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх төдийгүй дэлхийн гүний уурхайн боловсон хүчний хомсдолыг нөхөх өргөн цар хүрээтэй ажилд багахан ч гэсэн эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Бид суралцагчдадаа Оюу толгой уурхайн талбарт практик ур чадвар олгохын зэрэгцээ улмаар Азийн уул уурхайн боловсролын төв болох хэтийн зорилготой. Энэ нь Монголын уул уурхайн салбарынханд олон боломж олгохоос гадна дэлхийн уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм” гэв.
“ӨГГУИ”-ын сургалтын хөтөлбөр гүний уурхай, гео-техник, уул уурхайн инженерчлэл зэрэг инженерийн суурь агуулгад төвлөрөх бөгөөд сургалт боловсруулах, хүргэх чиглэлээр олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Харин 2026 оноос эхлэн гадаад, дотоодын уул уурхайн компаниуд хандан ажилтнуудаа сургах үүд хаалга нээгдэнэ.
Уншиж байна |