“Оюу толгой” компани говийн бүсийн 160 гаруй мэргэжилтнүүдийг “Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй” сургалтад хамрууллаа
2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Оюу толгой” компани нэг зуун сая мод тарих амлалт авсан билээ. “Нэг зуун сая мод” хөтөлбөр нь мод тарихаас гадна, Монголын ойн салбарын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг багтааж байгаагаараа онцлогтой. Тус хөтөлбөрийн хүрээнд “Оюу толгой” компани 63.5 сая мод бут тарих төдийгүй ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.
“100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт зохион байгуулсан “Говь: Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” сургалт амжилттай болж өндөрлөлөө. 2024 оны 9 дүгээр сарын 12-нд болсон тус сургалтад Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 4 аймгийн 160 гаруй мэргэжилтэн оролцсон байна. Ойн салбарын 100 жилийн ой, Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан уг сургалт нь байгаль орчны мэргэжилтнүүдийн дунд Говийн бүсийн ургамалжуулалт, ойжуулалтын талаар туршлага солилцсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
“Оюу толгой” компанийн Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б. Ууганбаяр хэлэхдээ, “Манай компанийн 100 сая мод тарих амлалт нь Ерөнхийлөгчийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж байгаа бөгөөд анх энэ хөдөлгөөнийг эхлэхэд Монгол Улсад ойн салбарын боловсон хүчин, мэргэжилтэн дутмаг, дотоодын их дээд сургуулиудын ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдэд элсэлт цөөн байгаа гэсэн үр дүн гарсан учир “Оюу толгой” компани мод тарихаас гадна ойн салбарыг чадавхжуулах зорилгоор 40 сая модтой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөнд мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургалт зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн жижиг дунд бизнесийн сургалтууд зэрэг тусгагдсан байгаа. Энэ удаагийн сургалтын зорилго нь өмнөх 10 жилийн хугацаанд говийн бүсэд ойжуулалт хийхэд тулгарч байсан бэрхшээл, хүндрэлүүдийг судлах, мөн ирэх 10 жилийн хугацаанд шаардлагатай зөвлөмжүүдийг гаргах явдал.” хэмээн онцолсон юм.
Сургалтыг гурван үндсэн хэсэгт хувааж явуулсан бөгөөд эхний хэсэгт говийн бүсийн ургамалжуулалтын өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилт болон ӨМӨЗО-ны тэргүүн туршлагын талаар Эм Грасс компанийн эрдэмтэд танилцуулсан юм. Хоёрдугаар хэсэгт Говийн бүсийн мод үржүүлгийн газрын хөрс бэлтгэл, бордоо, усалгааны норм тогтоох, Байгалийн ургамал, мод, модлог ургамлын үр түүх, цэвэрлэх, хадгалах, тарилтад бэлтгэх болоод “Оюу толгой” компанийн “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд говийн бүсэд хийж байгаа ажлуудыг онцолсон байна. Харин удаах гуравдугаар хэсэгт говийн бүсэд ойжуулалт хийх, цөлжилттэй тэмцэхэд тулгардаг бэрхшээл болон шийдлийн талаар ШУА, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангийн төлөөллүүдээс бүрдсэн хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Ойн салбарын мэргэжилтнүүдэд өнөө болон ирээдүй үеийнхээ төлөө Монгол орны ойн санг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, ойн дагалдах баялгаа зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тэдэнд шаардлагатай чухал мэдлэг, мэдээлэл, сайн туршлагуудыг хуваалцсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.
Уншиж байна |