Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VII их хурал Төрийн ордонд эхэллээ.
Хурлаар “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл”-ийн талаар илтгэл сонсож, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт, инновац” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж үг хэллээ. Тэр бээр цар тахлын үед амь биеэ үл хайрлан, цаг наргүй ажиллаж, олон мянган хүний амь насыг аварч, онцгой гавьяа байгуулсан эмч, эмнэлгийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Сүүлийн жилүүдэд шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэвтэрч, ард иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж нэмэгдэн, зүрх судас, мэдрэл, гэмтэл, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээгээр олон улсын түвшинд хүрч байгааг тэмдэглэлээ.
Цаашид энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр анхаарах зүйл байгааг ч хэллээ.
Тухайлбал:
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэсэн хоорондоо харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөн, ялангуяа “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.
Эмч нарын VI их хурлыг 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор “Эрүүл мэнд- хөгжлийн тулгуур” уриатай зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлыг дүгнэн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэн, зөвлөмж гаргаж байсан.
Засгийн газар эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан нь VI их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болох эхлэл болсон юм.
Өнгөрсөн таван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд олон шинэ технологи нэвтрүүлснээр чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нэмэгдсэн.
Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц тогтолцоо бий болгон, эх орондоо чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдээд байна.
Нярай хүүхдэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээ хийдэг болж, хүүхэд бүрийг эрт илрүүлэх цогц үзлэгт хамруулан, эрүүл мэндийн салбарт үр дүн, ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгож эхэлжээ.
Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг УИХ баталж, өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлжээ.
Улсын хэмжээнд 4,700 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 15 мянга гаруй их эмч ажиллаж байна.