Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөрийн 2026 оны бүртгэл удахгүй эхэлнэ
2 цаг 19 мин

 

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөр нь АНУ-д цагаачлагчдын тоо бага байгаа улсын шаардлага хангасан иргэдэд АНУ-ын цагаачлалын виз мэдүүлэх боломжийг олгодог. Хөтөлбөрийн 2026 оны бүртгэл 2024 оны 10-р сарын 2-ноос 11-р сарын 5-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

“Ногоон картын сугалаа” хэмээн Монголчуудын нэрлэдэг энэхүү хөтөлбөрөөс жил бүр 50,000 хүртэлх цагаачлалын визийг шаардлага хангасан хүмүүст олгодог. Бүртгэлийн ерөнхий шаардлага нь: 

  • АНУ-д цагаачлагчдын тоо бага байгаа улсын иргэн байх; 
  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсвэл шаардлагад нийцэх ажлын туршлагатай байх шалгуур болно.

 

“АНУ-ыг хүчирхэг болгож буй гол онцлогуудын нэг нь олон үндэстнийг нэгтгэсэн байдал юм. Үүнийг бататгаж Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөр дэлхийн өнцөг булан бүрийн иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгодог. Хөтөлбөрт бүртгүүлэхэд үнэ төлбөргүй, хялбар байдаг хэдий ч бүртгэлээ эхлэхээс өмнө зааврыг бүрэн уншиж танилцахыг зөвлөе!”

 

Хөтөлбөрийн 2026 оны ээлжит бүртгэл 2024 оны 10-р сарын 2-ны өдөр АНУ-ын зүүн бүсийн цагаар (Eastern Daylight Time) үдийн 12.00 цагт нээгдэнэ. Зөвхөн “dvprogram.state.gov” цахим хуудас нь хөтөлбөрт бүртгүүлэх цорын ганц арга юм. Бүртгэлийн хугацаанд хуулийн дагуу нэг хүн нэг л удаа бүртгэл үүсгэх эрхтэй. АНУ-ын Төрийн департаментаас дэвшилтэт технологи ашиглан бүртгэлийг шалгадаг бөгөөд тухайн жилд нэгээс илүү бүртгэл үүсгэсэн тохиолдолд шууд хасагддаг. Хөтөлбөрийн зааврыг travel.state.gov/dv цахим хуудаснаас уншиж, судлах боломжтой.

 

Тус хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч хураамжгүй. Бүртгүүлэх гэж буй хүмүүст визийн зөвлөгөөний төв, агентлаг гэх мэт ямар нэг зуучлалын байгууллагаас тусламж авалгүй, өөрсдөө бүртгэлийн маягтаа бөглөхийг зөвлөж байна. Хэрэв танд хэн нэгэн тусалж байгаа бол бүртгүүлэх үед хамт байж, бүх асуултад үнэн, зөв хариулж байгаа эсэхийг шалган, бүртгэлийн төгсгөлд гарч ирэх баталгаажуулалтын дугаарыг өөрөө хадгалж авна уу.

 

Хөтөлбөрийн шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилах оролдлого болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо тогтоодоггүй.

 

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд АНУ-д цагаачлах боломжийг олгосоор ирсэн бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 11,000 орчим Монгол Улсын иргэн, 16,800 орчим гэр бүлийн гишүүдтэйгээ хамт сугалаанд оролцсон байна. Тус улсаас 2011 оноос хойш 1,200 гаруй иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль ёсны дагуу цагаачилсан байна.

 

 

2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрт (ногоон карт) бүртгүүлэх 10 зөвлөгөө:

ЗӨВЛӨГӨӨ #1 – Та travel.state.gov/dv цахим хуудас дахь зааварчилгаатай танилцаж өөрийгөө шаардлага хангах эсэхээ шалгана уу. Шаардлага хангаагүй бол БҮҮ бүртгүүлээрэй.
• ЗӨВЛӨГӨӨ #2 – ЗӨВХӨН dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлнэ үү. Энэ нь бүртгэлд хамрагдах цор ганц зөв арга тул бусад хуурамч цахим хуудас болон луйврын үйл ажиллагаанд хууртагдахаас болгоомжилно уу.
• ЗӨВЛӨГӨӨ #3 – Хөтөлбөрт бүртгүүлэхэд ямар ч ХУРААМЖГҮЙ. Таныг мөнгө төлвөл сонгогдох магадлалыг тань дээшлүүлнэ, эсвэл бүртгэлийн маягт үнэгүй бөглөж өгнө гэх хүмүүсээс болгоомжилно уу.
• ЗӨВЛӨГӨӨ #4 – Хөтөлбөрт бүртгүүлэх маягтаа өөрөө бөглөж дуусгаарай. Учир нь зарим виз зөвлөгөөний төвүүд бүртгэлийн баталгаажуулалтын дугаарыг нууцаар хадгалж тухайн хүн хөтөлбөрт сонгогдсон тохиолдолд их хэмжээний мөнгө нэхэмжлэх, эсвэл хууль бус үйлдлүүдийг шаардах тохиолдол гардаг. 
• ЗӨВЛӨГӨӨ #5 – Бүртгэлд зөвхөн сүүлийн зургаан сарын дотор авхуулсан зураг ашиглана уу. Хуучин зураг ашиглавал хөтөлбөрөөс хасагдана.
• ЗӨВЛӨГӨӨ #6 – Нэг хүн НЭГ л бүртгэл үүсгэх эрхтэй. Хөтөлбөр зарласан тухайн жилд үндсэн бүртгүүлэгч хоёроос дээш удаа бүртгэлд оролцвол хасагдана.
• ЗӨВЛӨГӨӨ #7 – Бүртгэлдээ хуууль ёсны эхнэр/нөхөр болон 21-ээс доош насны гэрлээгүй бүх хүүхдүүдээ таньтай хамт цагаачлах эсэхээс үл хамааран оруулах шаардлагатай. Та хөтөлбөрт сонгогдсон хэдий ч таны бүртгэлд алдаатай эсвэл дутуу мэдээлэл байвал хөтөлбөрөөс хасагдахыг анхаарна уу.
• ЗӨВЛӨГӨӨ #8 – Өөрийн бүртгэлийн баталгаажуулалтын дугаараа хадгалж аваарай. 2025 оны 5-р сард та зөвхөн энэ дугаараар өөрийгөө сонгогдсон эсэхийг шалгах боломжтой.
• ЗӨВЛӨГӨӨ #9 – Сонгон шалгаруулалт 2025 оны 5-р сард явагдана. Та сонгогдсон эсэхээ зөвхөн dvprogram.state.gov/ESC цахим хуудаснаас шалгах боломжтой. Таныг хөтөлбөрт сонгогдлоо гэсэн и-мэйл ирсэн бол хуурамч, залилан болохыг анхаарна уу. АНУ-ын Төрийн департамент хөтөлбөрт сонгогдсон хүмүүс рүү и-мэйлээр холбоо барихгүй.
• ЗӨВЛӨГӨӨ #10 – Хөтөлбөрт сонгогдсоноор та визийн ярилцлагад орох эсвэл виз авна гэсэн баталгаа биш гэдгийг санаарай. Тус хөтөлбөрөөс аль болох олон хүнд виз олгохын тулд нийт олгох боломжит визийн хяналтын тооноос илүү хүн сонгогддог. Иймд бүх сонгогдсон хүнд виз оногдохгүй байх боломжтой.

 

Илүү мэдээллийг АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албатай дараах шугамаар холбогдож авна уу:


paspress@usembassy.mn |+976 7007-6001

 

  •  

Shuud.mn
Сонин хачин