Fitch Ratings олон улсын үнэлгээний байгууллагаас зургаа дахь жилдээ зохион байгуулсан “Fitch on Mongolia 2024” арга хэмжээ энэ оны 9-р сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээний үеэр олон улсын болон дотоодын санхүүгийн салбарын мэргэжилтнүүд Монгол Улсын өнөөгийн болон ирээдүйн нөхцөл байдал, хөрөнгийн зах зээл, тогтвортой санхүүжилтийн боломжууд зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулсан юм.
Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд сонгуулийн дараах санхүүгийн салбарын өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн талаарх сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцсон бөгөөд “Арилжааны банкнууд уламжлалт санхүүгийн үйлчилгээнүүд болох хадгаламж, зээлийн хүүгээр өрсөлдөх бус харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх, тэр дундаа дижитал сувгаар дамжуулан бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг харилцагчдад хүргэх, зөвлөгөө мэдээлэл олгох зэргээр өрсөлдөж буй нь санхүүгийн салбарын үйлчилгээг улам чанаржуулах, хөгжүүлэх нэг хүчин зүйл болдог” гэж онцоллоо.
Түүнчлэн сүүлийн арван хоёр жилийн хугацаанд Монголын Улсын хувийн хэвшлийн салбаруудын
олон улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоо хязгаарлагдмал байсан бол 2024 онд Голомт банк олон улсын зах зээлд 300 сая ам.долларын бондыг бие даан гаргасан нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын зах зээлийг таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан тухай мэргэжилтнүүд арга хэмжээний үеэр онцлон тэмдэглэв.
Дэлхийн жишиг Монголын банк