Энэтхэг дэх “Самсунг”-ийн ажилчид ажил хаяв
2024-09-21

 

 

Өмнөд Солонгосын “Самсунг Электроникс” компанийн 1500 орчим ажилчид Энэтхэгийн Тамил Наду мужид ажил хаялт зарлаад байгаа нь технологийн салбарын үйлдвэрлэлд томоохон саатал үүсгээд байна. Энэхүү ажил хаялт 10 гаруй хоногийн өмнө эхэлсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм.

 

Энэтхэг дэх Самсунгийн хоёр үйлдвэрийн нэг болох Ченнай хотод байрлах тус үйлдвэр нь 2000 орчим ажилчинтай бөгөөд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг. 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа тус үйлдвэрийн ажилчид шинээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийг хүлээн зөвшөөрөх, ажилчдын эрх ашгийн төлөө хэлцэл эхлүүлэх шаардлагыг “Самсунг” компанид тавьж байгаа аж. Ажилчдын 90 гаруй хувь нь энэхүү үйлдвэрчний эвлэл ажилчдыг төлөөлөн цалин хангамж, ажлын нөхцөл байдлын талаар нааштай шийдвэр гаргахад төлөөлөх гол байгууллага гэж үзэж байгаа тухай Үйлдвэрчний эвлэлийн төвийн гишүүн А Соундараражан BBC-д ярьжээ. Тэрээр "Ажилчид өөрсдийн шаардлагыг биелүүлэх хүртэл тодорхойгүй хугацаагаар ажил хаяхаар шийдсэн" гэжээ. Ажилчдын хувьд сард дунджаар 25,000 рупи (дунджаар 298 доллар)-гийн цалин авдаг бөгөөд үүнийгээ ирэх гурван жилийн хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Мөн ажлын нөхцөл хүнд, гэр ахуйн цахилгаан барааг 10-15 секундын дотор угсарч дуусгахыг шаарддаг, ажлын байран дээр дарамтлах тохиолдол их гардагийг эсэргүүцжээ. 

 

Харин “Самсунг Электроникс”-ийн удирдлагууд "Бид Ченнай дахь үйлдвэрийн ажилчидтай асуудлыг яаралтай шийдвэрлэхээр ярилцаж эхэлсэн" гэж мэдэгдсэнийг BBC мэдээлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин