ПАРИС, 2024 оны есдүгээр сарын 8 /Paralympic.org/. Францын нийслэл Парис хотын “Пари-Ла-Дефанс” аренад 10 хоногийн турш үргэлжилсэн пара усанд сэлэлтийн тэмцээнүүд бямба гарагт өндөрлөлөө.
Хятадын тамирчин, “нисдэг загас” хочит Жян Юйянь эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах S6 төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосноор Парисын Паралимпын наадмаас долоо дахь алтан медалиа хүртжээ.
“Тэмцээн дуусах үед маш их догдолж байсан ч одоо тайвшраад байна. Би дахин медаль авах тухай бус, илүү хурдан сэлэх талаар л бодож байлаа” гэж 100 метрийн S6 сэлэлтийн төрөлд 1:04.88 минутын амжилт үзүүлсэн 19 настай Жян Юйянь ярьжээ.
Харин зургаа дахь Паралимпын наадамдаа оролцож буй АНУ-ын пара усанд сэлэлтийн домогт тамирчин Жессика Лонг эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн S8 төрөлд Паралимпын 18 дахь алтан медалиа хүртсэн байна.
“17 алтан медаль гэдэг сайхан сонсогдож байгаа хэдий ч би үүнийг 18 болгохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн тэрбээр ярьж байв.
Түүнчлэн Италийн тамирчид 4х100 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд 4:01.54 минутад барианд орсноор өөрсдийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа ахиулсан байна. Энэхүү баг нь Симоне Барлаам, Ксениа Палаццо, Жулиа Терзи, Стефано Раймонди нараас бүрддэг.
С.Раймонди мөн бямба гаргийн орой эрэгтэйчүүдийн 200 метрийн SM10 ангиллын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн бол Ж.Терзи эмэгтэйчүүдийн 50 метрийн эрвээхэй сэлэлтийн S7 төрөлд хүрэл медаль хүртсэн байна.