Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Улсын дээд шүүхийн “улс төрийн шийдвэр” удахгүй шүүхээрээ шүүлгэх вий!
2024-06-17

 

 

Гэрч Н.Б “…Бүгд ардаа гишүүн, сайд нарын хамааралтай компаниуд тул шалгаруулалтыг хурдан хий” гэж үүрэг өгсөн

 

Саяхан сонгуулийн нэр дэвшилттэй холбоотой маргааны үеэр нэг ноцтой явдал ил боллоо. Улсын дээд шүүхийн 2021 оны тогтоол өнөөдөр “улс төрийн шийдвэр” болж хэрэгжив. Тэр нь 2016-2020 онд сайд байсан хүний хэргийг эцэслэн шийдэхдээ 2024 оны сонгуульд нэр дэвших эрхийг нээж өгсөн тогтоол юм. Хамгийн гол нь тэр сайдын асуудал ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-тай холбоотой. Түүний хөрөнгийг хуулийн бусаар зарцуулсан асуудал байгаа юм. Гэвч эцэстээ тэр нь юу ч биш болж дуусаж байна.

 

Тэгвэл ХЭДС-гийн энэ асуудал УИХ-ын гишүүн, сайд 14 хүний тухай яригдсан байгаа юм. Энэхүү ХЭДС-гийн хэрэг нь шүүх дээр зөвхөн “...Тэр сайд албан ёсны нэгжүүдээ хуралдуулалгүй шийдсэн” гэдэг л хэдэн албан хаагч чирсэн процессын хүрээнд яригддаг. Гэтэл ард нь шал өөр зүйл байсан. Тэр нь уг хэргийг шалгах үеэр цухалзаад өнгөрсөн байдаг. Тухайлбал, шүүгдэгч Н.Б-ын “…Ер нь бол энэ төслийг шалгаруул гээд хамаарал бүхий этгээдүүд байсан. Жагсаалт дээр томчууд л байсан. Миний ажлын компьютер дээр жагсаалт хийсэн болохоор флаш дээр суулгаад дараа нь хэрэг болж магадгүй гээд авчихсан.Сайд, дарга нарын нэрс байсан, би хамааралтай л хүмүүс гэж бодсон”, гэрч Д.Б “...Гэхдээ тухайн төсөл нь Засгийн газраас  тогтоосон нэг төсөл хөтөлбөрт таван сая хүртэл төгрөг олгоно гэсэн заалтыг зөрчиж их хэмжээний мөнгө олгосон асуудал болсон. Энэ талаар би ажлын хэсгийн дарга Б.Ш-д хэд хэдэн удаа сануулж хэлж байсан. Тэгэхэд Б.Ш дарга санаа зоволтгүй дээрээс /яамнаас/ шийдвэртэй гэдэг байсан.”, гэрч Н.Б “…Тухайн төсөлд шалгарсан 27 аж ахуйн нэгж нь Улсын их хурлын гишүүн, сайд, дарга нарын хамаарал бүхий компаниуд байсан. ХХҮЕГ-ын дарга Б.Н тухайн үед надад өгч байсан материалд шалгарсан 27 аж ахуйн нэгжийн ар талд ямар хүн, албан тушаалтан байгаа талаар жагсаалтаар бичсэн байсан. Сүүлийн нэмэлт санхүүжилтээр хийсэн гэх хоёр төсөл нь ХХҮЕГ-ын дарга Б.Н, сайд Н.Н нарт хамааралтай байсан гэж бодож байна.

 

 

…Ингээд намайг нарийн бичгийн даргаар томилсны дараагаар ХХҮЕГ-ын дарга Б.Н, Б.Ш дарга нар өрөөндөө дуудаж оруулаад яамнаас ирсэн шийдвэр тул яаралтай биелүүл гээд надад УИХ-ын гишүүд, сайд нарын нэрийн жагсаалтыг харуулаад ямар нэг асуудал бол байхгүй бүгд ардаа гишүүн, сайд нарын хамааралтай компаниуд тул шалгаруулалтыг хурдан хий гэж үүрэг өгсөн. Тухайн үзүүлж байсан жагсаалтад тухайн үеийн ХНХ-ын сайд Н.Н, Хууль зүйн сайд С.Бямбацогт нарын нэр байсан болохоор би айгаад ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй үүргийг нь биелүүлсэн” гэсэн мэдүүлгүүд байдаг. Үүгээрээ энэхүү ХЭДС-гийн асуудал нь 2018 онд ил болсон ЖДҮ-гийн хэрэг дээр явсаар ганцаараа хариуцлага хүлээгээд үлдсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригтой яг адилхан кэйс юм.

 

Анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол: Н.Номтойбаяр нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан зохион байгуулагчаар оролцсон

 

ХНХ-ын сайд асан Н.Номтойбаярын ХЭДС-гийн асуудлыг анх 2020 оны долоодугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн. Тэндээс 2020/ШЦТ/546 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Түүнд “...Шүүх хуралдааныг Д.Ренченхорол даргалж, улсын яллагч С.Мөнхгэрэл, Д.Пүрэвдагва, шүүгдэгч Н.Н нарын есөн хүн оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар НПГ-аас “...Шүүгдэгч Н.Н нь УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд, ХЭҮЗ-ийн даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн, улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хууль,  2016 оны Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан журамд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд хоёр сая хүртэл, аж ахуйн нэгжид 20 сая хүртэл төгрөг байна” гэж мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж, Төрийн албаны тухай  “...Шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим...” гэж заасныг тус тус зөрчиж, Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөр”-ийг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох” мэтээр танилцуулж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “ХЭДС-гийн 2017 оны төсөвт багтаан зорилтот төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг Засгийн газарт тайлагнаж ажиллахыг ХНХ-ын сайд Н.Н-т даалгасан шийдвэр гарсан байхад, 2017 оны 03 дугаартай ХЭҮЗ-ийн тогтоолыг гаргахдаа санхүүжилтийг банкаар дамжуулах, зээлийн хүү тооцох асуудлыг шийдвэрлэлгүй, нэгж төслийн төсөвт өртгийг 200 хүртэл сая төгрөг байхаар тусгаж, улмаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн шалгаруулалтад тэнцсэн 27 төслийг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар, 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар хоёр төслийг буюу нийт 29 төслийг тус тус баталж, санхүүжилтийг шийдвэрлэн “Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ Ээж Оюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд” ХХК, “Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК, “Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК, “Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт” ОНТҮГ, “АЗАТ” ХХК болон иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир, Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал бий болгосон хэргийг удирдаж  зохион байгуулагчаар  хамтран оролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Тодруулбал, ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан гэх нэр бүхий найман иргэн, 21 хуулийн этгээдийг төсөлд шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б-т үүрэг болгосон. Төсөл сонгон шалгаруулалтад нэр бүхий найман иргэн, 21 хуулийн этгээдийг шалгаруулахыг ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нарт үүрэг болгосон. 

 

Мөн Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 190901933 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед Н.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны тавдугаар сарын 19-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Манай өрөөнд Г.Батхүү гуайтай ярилцаж суухад бид хоёр архи дарс хэрэглээгүй...” гэж, 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр мөн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Би талийгаачтай хамт архи уугаагүй, Батхүү миний мэдэхийн манай өрөөнд бол архи уугаагүй...” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн.

 

…Шүүгдэгч Н.Н “...Намайг дөрвөн үйлдлээр буруутгасан байсан. …Надад бусдад давуу байдал бий болгох ямар шаардлага шалтгаан байхгүй. Сонгон шалгарсан 29 аж ахуйн нэгж, иргэн дунд надтай хамааралтай ганц ч хүн аж, ахуйн нэгж байхгүй. Яаж бүлэглэснийг яаж тогтоосон нь ойлгомжгүй байна. Би албан бичгээр ХЭҮЗ-ийн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Б.Н-д үүрэг болгосон. ...Хавтаст хэрэгт намайг энэ гэмт хэрэг үйлдсэн талаар гэрч, шүүгдэгч нараас мэдүүлж байсан зүйл байхгүй. Би Б.Н-д хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэг болгосон нь үнэн. Мөн хяналт тавихыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярт хяналт тавих үүрэг болгосон. Би УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд зааснаар ажилладаг. Би бодлого тодорхойлдог. Миний гаргасан шийдвэр болгоныг нягталж үзээрэй. Шийдвэр болгон үргэлж салбарын санхүүгийн байдлыг нэмэгдүүлэх зорилготой байсан. Хуулийн цоорхой, салаагаар гоождог байсан мөнгө болгоныг би хааж байсан” гэв.

 

Шүүгдэгч Б.Н “...Би өөрийн гэм бурууг өнөөдрийн шүүх хуралдаанд хүлээн оролцож байна. ...Мөн төсөл сонгон шалгаруулалтад нэр бүхийн найман иргэн, 21 хуулийн этгээдийг шалгаруулахыг ХХҮЕГ-ын хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нарт үүрэг болгосон гэсэн. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр надтай хамт энэ шүүх танхимд шүүгдэгч нэрээр сууж байгаа, хамт ажиллаж байсан хүмүүсээс уучлалт гуйж байна” гэв.

 

Шүүгдэгч Н.Б “...Ажлын хэсэг нэг л удаа хуралдсан. Бусдыг нь даргын хууль бус шийдвэрээр хийсэн. Б.Н дарга үүрэг чиглэл өгсөн. Анх ажлын хэсэг хуралдахад нөлөөлөл орно гэж бодоогүй, Б.Н, Б.Ш дарга хоёр ажлын хэсгийг хуралдуулах шаардлагагүй гэсэн. Шижирээ дарга бол мэдэж байсан. Салбар зөвлөлөөс шалгарч ирсэн төслүүд байгаа. Үүнийг ажлын хэсэг эцсийн шийдвэр гаргаж шалгаруулсан. Ажлын хэсгийн гишүүд нэг ч хүн  материал аваагүй. Б.Ш дарга бас үзэж байсан. Б.Н дарга гарын үсэг зуруулаад аваад ир гэсэн. Тэмдэглэлийг би бичиж байсан. М.Н намайг орсноор биччих гэсэн, бусдыг нь Б.Н дарга хэлж бичүүлсэн. Мөн Б.Ш даргад хурлын тэмдэглэлээ хянуулдаг байсан. Б.Н дарга үүрэг өгч байсан. Хууль бус гэдгийг ойлгож байсан. Хариу хэлж байсан, тэгэхэд над руу муухай хараад гарч бай гэдэг байсан. Хурлын тэмдэглэл дээр бүгдээрээ л зурсан. Зөвлөмжид бас зуруулсан. Татгалзсан хүн байгаагүй, зүгээр асууж байсан. Д.Б ах миний дэргэд Б.Ш дарга руу утсаар ярьсан. Ер нь дарга, сайд нарын нэрс байхаар нь айгаад л. Хааяа Б.Ш дарга чиглэл өгч байсан. ...Ер нь бол энэ төслийг шалгаруул гээд хамаарал бүхий этгээдүүд байсан. Жагсаалт дээр томчууд л байсан. ...Миний ажлын компьютер дээр жагсаалт хийсэн болохоор флаш дээр суулгаад дараа нь хэрэг болж магадгүй гээд авчихсан.Сайд, дарга нарын нэрс байсан, би хамааралтай л хүмүүс гэж бодсон” гэв.

 

Шүүгдэгч Н.У “...Юунд гарын үсэг зурж байгаагаа нягталж шалгаагүй. Дотор агуулгыг мэдэхгүй байна. Миний хамаарал бүхий аж ахуй нэгж байхгүй. Ер нь бол манай шийдвэрээр сонгон шалгаруулалт явуулж сонгохыг мэдэж байсан. Ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдүүлгээ бөглөж өгсөн. Суугаагүй юм чинь гарын үсэг зурж болно. Юу ч уншаагүй л зурчихсан. Тэмдэглэл дээр байгаа 7.17-ны гарын үсэг эргэлзээтэй л байна. Бусад гарын үсэг бол зөв байна” гэв.

 

Шүүгдэгч Д.Б “...Би 2017 оны наадмын дараа амралтаа авсан. Амралтаа авсан байх үед ажил дээрээ ирэхэд Н.Б надад “Ажлын хэсгийн хурал болсон. Дээрээс ерөнхийд нь шийдсэн. Хурлын тэмдэглэл болон зөвлөмж гаргасан. Та гарын үсгээ зураарай” гэж хэлсэн. Би  Б.Ш даргатай орж уулзаж энэ талаар хэлэхэд Б.Ш “Харин тийм зүйл болсон. Дээрээс шийдсэн юм шиг байна лээ. Надад танилцуулаад зуруулсан” гэж хэлсэн. Тиймээс би дарга нар шийдсэн байна гэж ойлгоод ажлын хэсгийн хурлын тэмдэглэл болон зөвлөмж дээр гарын үсэг зурсан. Мөн би 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд нөхөж гарын үсэг зурсан. Н.Б ажлын хэсгийн хурал болсон гэсэн учраас би итгэж гарын үсэг зурсан. Энэ салбарт олон жил ажилласан хэрнээ хайхрамжгүй байдлаасаа болж ажлын хэсгийн хурлын тэмдэглэл болон зөвлөмж дээр гарын үсэг зурсан нь миний буруу. …Бидний гол алдаа нь ажлын хэсгийн хурал болоогүй байхад болсон мэтээр хурлын тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурсан нь буруу” гэв.

 

Шүүгдэгч М.Н “...Би төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсноо мэдээгүй байсан. Би 2017 оны долоодугаар сараас ээлжийн амралтаа авч 2017 оны наймдугаар сарын 13-ны өдөр ажилдаа орсон. Намайг ажилд орсны дараа 2017 оны наймдугаар сарын сүүл үед Н.Б над руу утсаар холбогдож “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төслүүдийг ажлын хэсгийн хурлаар сонгон шалгаруулж шийдвэрлэсэн. Чамд танилцуулж, гарын үсэг зуруулах шаардлагатай байна” гэж хэлсэн. Утсаар холбогдсоноос хойш 1-2 хоногийн дараа миний ажлын өрөөнд ирж хурлын тэмдэглэлүүд дээр гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зурахдаа ажлын хэсгээрээ хуралдаж шийдвэрлэсэн байна гэж бодож гарын үсэг зурсан. Учир нь бусад бүх гишүүн гарын үсгээ зурсан байсан. Н.Б надад ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэсэн. Би Н.Б-д итгээд бүх ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан байсан учраас нягтлалгүй, уншилгүй гарын үсэг зурсан. Үүндээ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. … Би ажлын хэсгийн хурал болоогүй гэдгийг мэдээгүй. Хурлын тэмдэглэлийг Н.Б зохиож бичсэн гэдгийг би гарын үсэг зурахдаа мэдээгүй байсан. Би гарын үсэг зурсандаа, хайнга хандсандаа харамсаж, гэмшиж байна” гэв.

 

...Н.Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд үйл баримт нотлогдон тогтоогдлоо. Төрийн үйлчилгээ иргэдэд шударгаар хүрэх, сонгон шалгаруулалтын тэгш байдал, төрийн албаны хууль дээдлэх зарчим тус тус алдагдсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэхүү хууль, журмаар тогтоосон үйл ажиллагаа, эрх мэдлийн хэмжээ хязгаар зөрчигдөж, бусдад давуу байдал олгогдсон үйлдэлд шүүгдэгч Н.Н нь төрийн өндөр албан тушаалтны, шийдвэр гаргах, Засгийн газарт биеэр танилцуулах эрхтэйн хувьд буюу УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд, ХЭҮЗ-ийн даргаар ажиллаж байсан албан тушаал, эрх мэдлээ ашиглан зохион байгуулагчаар оролцсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог шүүх хуралдаанд шинжлэн судалсан Сангийн яамны 2019 оны 6/3968 дугаартай албан бичиг /10хх-ийн 117-140х/, ЗГХЭГ-ын 2019 оны х/666 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХЭДС-гаас хэрэгжүүлэх зорилтот төслийн талаар Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл, танилцуулга, Зорилтот төслийн тэргүүлэх чиглэл, тавигдах ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт /11хх-ийн 36-39х/, ХНХЯ-наас 2017 онд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл” хэрэгжүүлсэнтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн ХНХЯ-ы 2019 оны 3/2002 дугаартай албан бичиг /11хх-ийн 138-190х/, ҮАГ-ын 2019 оны 03/1218 дугаартай албан бичгээр ирүүлсэн ҮАГ-аас 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, /11хх-ийн 193-215х/, хурлын тэмдэглэлийн файл, зураг, мэдээлэл хүргүүлэх тухай ХНХЯ-ы 2019 оны 7/3818 дугаартай албан бичиг/13хх-ийн 163-180х/, ЗГХЭГ-ын 2019 оны х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл /13хх-ийн 184-194х/, Төслийн санхүүжилт болох 3.9 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй холбоотой баримтууд, Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Засгийн газрын 2011 оны 350 дугаартай тогтоол, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Ерөнхий сайдын 2016 оны 90 дугаартай захирамжийг ирүүлсэн ЗГХЭГ-ын 2019 оны х/666 дугаартай албан бичиг /13хх-ийн 233-237х/, “...ХНХ-ын сайдын 2017 оны Б/40 дүгээр тушаал, ХХҮЕГ-ын даргын 2017 оны Б/62 дугаар тушаал, “2017 онд Тус ерөнхий газрын ХЭДС-гийн санхүүжилтээр хэрэгжих “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэр, холбогдох хүний нэр, хаяг байршил, холбогдох утас, хүссэн санхүүжилтийн хэмжээг төслийн сонгон шалгаруулалтын материалаас жагсаалтыг гарган хавсралтаар хүргүүлж байна гэх ХХҮЕГ-ын 2020 оны 1/117 дугаартай албан бичиг /14хх-ийн 11-18х/, “..."Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл"-ийн холбогдох журам тушаал, шийдвэр, зээлийн гэрээ, гэрээний хавсралт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл болон зээлийн гэрээний хугацаа дууссан 18 аж ахуй, иргэнийг хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан мэдээлэл зэргийг хүснэгтэд оруулан хүргүүлсэн гэх ХХҮЕГ-ын 2019 оны 1/1800 дугаартай албан бичиг /14хх-ийн 127-185х/, гэрч С.Эрдэнэбатын мэдүүлэг /11хх-ийн 64-65х/, гэрч Б.Батчулууны мэдүүлэг /11х-ийн 70-72х/,  гэрч Ч.Нанжидсамбуугийн мэдүүлэг /11хх-ийн 76-77х/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /11хх-ийн 236-239х/, гэрч Н.У-ын мэдүүлэг, /11хх-ийн 82-84х/, гэрч Н.А-ын мэдүүлэг, /12хх-ийн 7-10х/, гэрч М.Н-ийн мэдүүлэг /11хх-ийн 240-243х/, гэрч Н.Б-ийн мэдүүлэг /11хх-ийн 131-134х/, /12хх-ийн 11-12х/, гэрч Д.Г-ийн мэдүүлэг /11хх-ийн 244-249х/, гэрч Г.Янжинсүрэнгийн мэдүүлэг /12хх-ийн 136-137, 138-140х/, гэрч Б.Батцогтын мэдүүлэг /12хх-ийн 168-171х/, гэрч Г.Оюунтунгалагийн мэдүүлэг /12хх-ийн 242-243х/, гэрч Н.Б-өөс хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн цагаан өнгийн дөрвөн гегабайт багтаамжтай Самсунг маркийн нэг ширхэг флаш хүлээн авсан тухай тэмдэглэл, хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /12хх-ийн 13-17х/, эд зүйлд буюу цагаан өнгийн флаш дискт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-ийн 119х/ зэрэг нотлох баримтуудад үндэслэн тогтоов.  

 

...Н.Н нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу Засгийн газрын гишүүн,  тодорхой шийдвэрүүдийг хамтын зарчмаар шийдвэрлэхэд биечлэн оролцох, уг шийдвэрийн биелэлтийг хянах, удирдан зохион байгуулах, даргалах албан тушаалын эрхтэйн хувьд гаргаж буй шийдвэрүүд нь Засгийн газрын тогтоолоор баталсан журамд илт нийцэхгүй байгааг мэдсээр байж зөрчин, үүний улмаас үүсэх үр дагавруудыг бусдаар гардан гүйцэтгүүлж, бусдын урьдчилсан дэмжлэгийг авч үйл явдлыг төгсгөсөн нь албаны эрх мэдлээ бусдад давуу байдал бий болгохын тулд урвуулан ашигласан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тус тус хангасан. Энэхүү үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан тусгай ангийн тохирох хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь агуулга болон хууль зүйн хувьд үндэслэлтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, прокуророос Н.Н нарын хамтран үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авлига”-ын гэмт хэргийн бүлэгт багтах албан тушаалтны гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх тухай Үндсэн хуулиар тогтоож, хамгаалсан хэм хэмжээ, үнэт зүйлсэд халддаг, улмаар иргэдийн төрөөр үйлчлүүлэх нийтлэг эрх ашиг, төрд итгэх итгэлийг алдагдуулдаг үр дагавартай, үүнийг хамгаалсан Эрүүгийн эрх зүйн хамгаалалт, хориглолтын шинжтэй хэм хэмжээ байдаг.

 

...Мөн шүүхээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас зарим өмгөөлөгч хэргийн материалтай бүрэн танилцаагүйг харгалзан шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримт шинжлэн судлах ажиллагааг талуудад цагаар үл хязгаарлан хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай бөгөөд хүрэлцээтэй хэмжээнд явууллаа.

 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2.1-д “Төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран”, Авлигын эсрэг тухай хуулийн 4.4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж зааснаас үзвэл гэмт хэрэг үйлдэх үедээ УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд, ХЭДҮЗ-ийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.Н-ыг “улс төрд нөлөө бүхий этгээд”-д хамаарч байна.

 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байх, түүнийг заавал тодорхойлохыг шаарддаггүй.

 

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байх бөгөөд халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг байдаг онцлогтой юм.

 

Иймд хэрэгт хохирлын асуудлыг прокурорын дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэхүү гэмт үйлдэл нь албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлэх, онцгой нөхцөлд буюу тусгай зөвшөөрөл авснаар гүйцэтгэх үйл ажиллагааг дур мэдэн явуулах, зөвхөн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэх, эсхүл хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах зэрэг хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Н.Н нь Монгол Улсын сайд, Засгийн газрын гишүүн, ХЭҮЗ-ийн даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн, улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 29 төсөлд давуу байдал бий болгосон хэргийг удирдаж  зохион байгуулагчаар  хамтран оролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэгт тооцно.

 

Иймээс шүүгдэгч Н.Н нарын “ХЭҮЗ-ийн тогтоол гаргахдаа журам зөрчсөн, ХЭДС-гаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 5.3 дугаар зүйлд заасныг зөрчиж нэг аж ахуйн нэгж, нэг иргэнд олгох 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 200.000.000 төгрөг болгосон. Монгол Улсад 3.9 тэрбум төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан. ХЭҮЗ хуралдаагүй байхад хуралдсан мэтээр хуурамч хурлын тэмдэглэл үйлдсэн, дээрх гурван үйлдлээр нэр бүхий УИХ-ын 14 гишүүнд давуу байдал бий болгох зорилгоор тухайн төслүүдийг сонгон шалгаруулсан гэснийг зөвшөөрөхгүй, өөртөө давуу байдал бий болгоогүй, хамтран оролцсон үйлдэл байхгүй, хохирол учраагүй тул гэмт хэрэг биш гэсэн тайлбарууд нь үгүйсгэгдэж байна.

 

...УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг цагдан хорихдоо СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон гэх асуудлын талаар шүүх үндэслэл бүхий тайлбарыг өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

2019 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2, 35.2.1-т заасан эрх зүйн хэм хэмжээ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн компанит ажлын баталгааг хангах, нэр дэвшигчийн сонгогчидтой уулзах, сонгуулийн сурталчилгааг саадгүй явуулах боломжийг хангах зорилготой боловч нэгэнт эрх бүхий байгууллагаас үүсгэсэн эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас нэр дэвшигчийг хамгаалах зорилго бүхий заалт биш байна. Тодруулбал, нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд аливаа таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа шүүх хэн нэг этгээдээс зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй болно.

 

Мөн дээр дурдсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь хэсэг нь тус хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хугацаанаас хойш буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш үйлчлэх цаг хугацааны үйлчлэлтэй. Нэр дэвшигчийн статусыг СЕХ-ноос албан ёсоор авахаас өмнөх хугацаанд нэр дэвшигч этгээдтэй холбоотойгоор нэгэнт үүсгэсэн эрүүгийн хэрэгт хамааралгүй болно.

 

Шүүгдэгч Н.Н-ыг “Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тооцсугай. Шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, таван жил, таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр: Н.Номтойбаяр нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүх хэлэлцэх хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрээ гаргасан

 

Энэ хэргийг дараа нь 2020 оны есдүгээр сарын 8-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн. Шүүх хуралдаанаас гаргасан магадлалд “…Шүүгдэгч Н.Н нарт холбогдох хэрэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хэрэгт прокурор хяналт тавьж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх Үндсэн хуулийн 14.1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн суурь зарчмыг  удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэж, гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14.2 дахь хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хэлэлцэх хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрээ гаргасан байна.

 

…НПГ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлснээс хойш анхан шатны шүүхээс өмгөөлөгч ирээгүй, шүүгчээс татгалзах, өмгөөлөгчөөс татгалзах, дахин өмгөөлөгч авах, солих, хэргийн материалтай танилцах зэрэг үндэслэлээр шүүх хуралдаан таван удаа хойшлогдсон байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж хэргийн үйл баримтыг тогтоосон нь оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Н-т яллах дүгнэлт гардуулах талаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ирж гардаж аваагүй байх бөгөөд яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл /20хх 203/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлэх нөхцөл байдал үүссэн нь хавтаст хэрэгт авагджээ.

 

Түүнчлэн 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Н.Н нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товлоход шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгч Н.Мандахын гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2020 оны зургаадугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшилсон байх бөгөөд мөн өдөр Н.Н өмгөөлөгчөөсөө татгалзсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон байна. Улмаар шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулж, шүүгдэгч Н.Н-т өмгөөлөгчөө сонгоод хавтаст хэргийн материал танилцуулахыг даалгасан боловч өмгөөлөгч Г.Должинсүрэн нь “хэргийн материалтай танилцуулаагүй тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй тул шүүх хуралдаанаас гарах хүсэлтэй байна” гэж шүүх хуралдааны танхимаас гарсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Мөн өмгөөлөгч авах, сонгох, солих, шүүх хуралдаанд бэлтгэх хангалттай цаг хугацаа шүүгдэгч нарт байсан бөгөөд энэхүү эрхээ урвуугаар ашиглаж, шүүн таслах ажиллагааг тасалдуулах зорилготой байсан нь тогтоогдсон. Эрхээ урвуугаар ашиглаж байгаа үйлдлийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 5.5 жил хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 6.1.2 дахь хэсэгт заасан асуудлуудын хүрээнд авч үзсэн байна” гэжээ.

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн: Н.Номтойбаяр албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан тул түүний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй

 

Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 22-нд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болжээ. Түүгээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 1159 дүгээр магадлалтай, Н.Н нарт холбогдох 190200070348 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хүлээн авсныг шүүгч Д.Эрдэнэбалсүрэн танилцуулсан байна. Ингэж хянан хэлэлцэж гаргасан 60 дугаар тогтоолд “…Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэж чадаагүйгээс шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн талаар холбогдох өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Н-ыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусадтай санаа зорилгоо нэгтгэж, ХЭДС-гийн хөрөнгөөр хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд тодорхой аж ахуйн нэгж, иргэдэд хууль бус давуу байдал бий болгохоор урьдчилан тохиролцож, улмаар нийтийн албан тушаалтнуудад хууль бус үүрэг чиглэл өгч, тухайн гэмт хэргийг удирдан зохион байгуулсан гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Мөн түүнийг дээрх гэмт санаагаа гүйцэлдүүлэх зорилгоор Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж, тэмдэглэл гаргуулж, уг тэмдэглэлийг үндэслэн ХЭҮЗ-ийн тогтоолыг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг санаатай зөрчсөн гэж шүүх дүгнэхдээ тухайн үйл баримтыг нотолсон гэх холбогдох баримтуудыг тал бүрээс нь бодитой хянаж үзэлгүй, тэдгээрийн агуулгыг буруу тайлбарлаж, улмаар Н.Н-ыг улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ төрийн албаны ашиг сонирхолд хортойгоор ашигласан гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

 

Тодруулбал, ХНХ-ын сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх, уг хуралдааны тэмдэглэл гаргуулах мөн ХЭҮЗ-ийн 2017 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдааныг зохион байгуулах, уг хуралдаанаас тогтоол батлах талаар хамтын шийдвэр гаргах үйл ажиллагаа зэрэгт Н.Н эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан гэх. Ингэхдээ тодорхой эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж хэрэгжүүлсэн, эсхүл шийдвэр гаргуулахаар нөлөөлөл, шахалт үзүүлсэн байж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн гэж буруутгах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.    

 

Харин тэрээр ХНХ-ын сайд, ХЭҮЗ-ийн даргын хувьд  Засгийн газрын шийдвэр, ХЭҮЗ-ийн шийдвэрийн дагуу хэрэгжсэн “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилт, сонгон шалгаруулалтыг баталгаажуулах, гүйцэтгэлд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүйгээс нээлттэй журмаар, шударгаар өрсөлдөж, хөтөлбөрт хамрагдаж болох байсан иргэд, байгууллагын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, түүнчлэн нийгмийн халамж үзүүлэх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал алдагдаж, тухайн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлсэн тодорхой нэр бүхий нийтийн албан тушаалтнууд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгж, иргэдийн 29 төсөлд хууль бус давуу байдал олгож, нийтдээ 3.986.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдэж, уг гэмт хэргийн улмаас ХЭДС-д их хэмжээний хохирол учирчээ.

 

Шүүгдэгч Н.Н-ын хувьд ХЭҮЗ-ийн 03 тоот тогтоолыг гаргаснаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт, түүнд хяналт тавих үүргээс чөлөөлөгдсөн гэж тайлбарлаж буй боловч, тэрээр албаны бүрэн эрх, удирдан захирамжлах эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд тухайн үйл ажиллагааны хууль ёсны байдлыг хангуулж, улмаар зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж чадаагүйгээс бусдад хууль бусаар давуу байдал олгосон шийдвэрийг ХНХ-ын сайдын хувиар 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрийн А/133 болон 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн А/172 дугаар тушаалуудаар баталгаажуулах, түүний дагуу санхүүжилт олгохыг албажуулах зэргээр албан үүргээ биелүүлэлгүй хайнга хандсан үйл баримт тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

 

Учир нь албан тушаалтан албандаа хайнга хандах гэдэгт хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн байх, эдгээрээс шалтгаалан бусдад их хэмжээний хохирол учирсан байх зэргийг багтаан ойлгодог болно.

 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Н-ын өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын хувьд, шүүхийн шатанд шүүгдэгчийг мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ эдлэхэд нь зориудаар саад болсон, өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хугацаа болон бодитой боломж олголгүйгээр хуралдааныг явуулсан гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч болон түүний нэр бүхий өмгөөлөгч нар нь өмгөөллийн эрхэд хамаарах хэм хэмжээний агуулгыг шүүн таслах ажиллагаа, түүнд оролцогч бусад талуудын эрх ашигт харшлах байдлаар хэрэгжүүлж, шүүх хуралдааныг явуулахгүй санаа зорилгоор ашиглаж, хуралдааныг удаа дараа хойшлуулах үндэслэл болгож байсныг тоочин дүгнэж, аливаа эрхийг хэрэгжүүлэх нь туйлын утга санаагаар илэрхийлэгдэх ёсгүй. Бусад эрх ашгийн тэнцвэрт байдалтай нөхцөлдөх учиртайг зөв тайлбарлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй юм.

 

Мөн шүүгдэгч Н.Н-ыг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн байхад, СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр цагдан хорьж нэр дэвшигчийн эрхийг нь зөрчсөн гэх өмгөөлөгч Н.Мандахын гомдлын талаар дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндэслэл, журам болон түүнд оролцогч нарын эдлэх эрх, хүлээх үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлж, гагцхүү түүнд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дээрх гомдлын талаар дүгнэлт хийхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, түүнд хэрэглэгдэх нийтлэг зарчмуудын агуулга, уг ажиллагааны зорилгод нийцүүлэн, холбогдох хуулийн хэм хэмжээг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон өөрийн дотоод итгэлд тулгуурлан тайлбарлаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

 

…Шийтгэх тогтоол, магадлалд хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас тогтоох нь:

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 7-ны өдрийн 546 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 1159 дүгээр магадлалд “Прокуророос шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар тус бүрд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч Н.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

 

Шүүгдэгч Н.Н нарыг албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүйгээс их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял шийтгэсүгэй” гэжээ.

 

“Бал шүүгчийн балаг” шүүхийн хаалга татах уу?!

 

Гурван шатны шүүхийн шийдвэрийн гол зүйлүүдийг дээр хураангуйлсан. Тэндээс энэ хэргийн талаар нэлээд голтой мэдээлэл авч болно. Ерөнхийдөө ЖДҮ-тэй ижилхэн ХЭДС-гийн хэрэг үүссэн байгаа юм. Ялгаа нь тэр “зээл”-д хамрагдсан сайд, дарга нар ил болоогүй байгаа юм. Бас ЖДҮ-гийн хэргээр Б.Батзориг улс төрөөс бүр явсан бол ХЭДС-гийн хэргээр түр яваад эргэж байх шиг байна. Гэхдээ асуудлын гол нь энэ заваан асуудалд Улсын дээд шүүхийнхэн оролцсон бололтой юм. Ийм хардлага нийгэмд байна. Хэрвээ тийм бол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн илтгэж шүүгээд зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлээд, түүнийг нь дагуулж сая Захиргааны шүүх шийдвэр гаргасан болж таарч байна. “…Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” буюу 22.1.3-т заасан “…Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснийг “…Хайнга хандах” буюу 23.5.1-т “…Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж 2700 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хөнгөрүүлэн зүйлчилсэн. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай 29.9-д “…Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан.

 

Гэтэл Улсын дээд шүүхийн энэ тогтоол явсаар “улс төрийн шийдвэр”маягийн юм болоод явчихлаа. Үүнд дөрөөлсөн дараа дараагийн шүүхийн ийдвэрүүд ч гарав. Гэтэл энд авлигынхыг нь хөнгөрүүүллээ гэхэд албан тушаалын хэрэг нь байж л байх юм. Гэвч Захиргааны шүүх тэгж үзсэнгүй. Нэг үгээр, “Сайд ажилдаа хайнга хандах нь албан тушаалын хэргийн ангилалд багтахгүй” гэчихсэн. Хууль гадарладаг хүн бүр “…Шүүх арай ч дээ” гээд толгой сэгсэрч, ам шогширч байна. Улсын дээд шүүхийн тогтоолыг https://shuukh.mn/single_case/2809?daterange=2021-01-22%20-%202021-01-22&id=3&court_cat=2&bb=1 холбоосоор орж уншаарай. Тэндээс Д.Эрдэнэбалсүрэнгийн илтгэсэн хэсгийг илүү тогтож хараарай. Д.Эрдэнэбалсүрэн өнгөрсөн хавраас Гаагийн шүүгчээр ажиллаж эхэлсэн. Харин ардаа, шүүх салбартаа баахан балаг болж, гай удаж мэдэхээр зүйл л үлдээгээд явчих шиг боллоо. Учир нь “…Бал шүүгчийн балаг шүүхийн хаалга татах вий” гэж яригдаад эхэлсэн байна. Угаасаа цаг хугацаа гэдэг хурдан. Юуг ч гүйцээд очдог. Ялангуяа, худал хуурмагийг, нуусан барьсан зүйл яаж ийгээд баригддаг. Үүнийг “…Үнэнд гүйцэгдэнэ” хэмээдэг. Тэгдгийг саяхан бүгдээрээ л харлаа. Сүүлийн үед дахин сөхөгдөж, дуулиан болоод байгаа 26 жилийн өмнөх аллагын хэргийг 2017 онд алх тогшиж шийдсэн шүүгч нар өнөөдөр үнэнээ хэлээд эхэлсэн. Тэгэхэд “...20 жилийн ял оноолоо” гээд алх тогшсон Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь “...Тэр үед даалгавар өгөөд, дарамтад ороод тэгчихсэн” гээд сууж байна. Удахгүй шүүхийн асуудал яригдана.

 

Чухамдаа энэ мэтээс болоод л “...Шүүх байгууллагын нэр хүнд”, “...Олон нийтийн итгэл” шүүхээс хэдийнэ салж одсон. Шүүхийг оршин тогтнох том суурь болдог эдгээр хүчин зүйл эргэж наалдахад хэцүү болсон. Ийм явдлууд ил болсоор, шүүх байгууллагын нэр хүнд уланд гишгэгдэж унасаар байтал Монголын 600 шүүгчээс “шүгэл” үлээдэг ганц ч хүн гарч ирсэнгүй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 119 (7363)

Б.ГАРЬД

Shuud.mn
Сонин хачин
Тэр элбэгдоржийн шүүгч эрдэнэбалсүрэн гэгчийг тэр ГААГ-аас татан авчирч,хэргийг нь АТГ-т өгч шийдвэрлүүлээчээ!!! ХҮРЭЛСҮХ гуай.
2024-06-18
Иргэн:
Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгүүлэх шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүгчийг АТГ шалгах ёстой. Монгол улсын хууль ард иргэдэд нэг янзаар, мөнгө хөрөнгөтэй чинээлэг давхаргад болон захиргааны хэргийг шүүхийнхэнд өөр янзаар үйлчлэх ёсгүй. Номтойбаярын нэрийг жагсаалтаас хасахыг сонгуулийн ерөнхий хорооноос шаардах нь шударга ёсонд нийцнэ
2024-06-17
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
2024-06-17
Номтой баяр бол бүгдийг мөнгөөр шийдэж сурсан гар. Өөрөөр хэлбэл төрийн мөнгөөр / ашигт малтмалын/ төрийн инстүцийг юутай хээтэй нь худалдан авдаг. Мөн Г.БАТХҮҮ агсаны хэрэг ил болж байна. Саяын СЕХорооны шийдвэр зөв байёаныг бид бүгд мэдлээ харлаа. Нөгөө монголын шүүх бас дахин балалаа
2024-06-17
nomtoibayar bol bolokhgfui etgeed yum baina daa
2024-06-17
nomtoibayar bol bolokhgfui etgeed yum baina daa
2024-06-17
nomtoibayar bol bolokhgfui etgeed yum baina daa
2024-06-17