Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотой гомдол, мэдээлэл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга “ЦЕГ-ын газрын тушаалаар байгуулагдсан сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг шалгах ажлын хэсгүүд аймаг, дүүргүүдэд 24 цагаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 162 гомдол, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүний 123 нь нийслэлд, 39 нь орон нутагт бүртгэгдсэн. Гэмт хэргийн шинжтэй 56, зөрчлийн шинжтэй 106 мэдээлэл байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 104-ийг шийдвэрлэж, 58 өргөдөл, гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллага өргөдөл, гомдлыг тав хоногийн хугацаанд шийдвэрлэдэг ч аль болох хурдан шуурхай шийдвэрлэж байна” гэсэн мэдээллийг өгөв.
Цагдаагийн байгууллагад ирж байгаа мэдээллийн ихэнхийг нэр дэвшигчийн самбарыг урсан, нүүрэн дээр нь зурсан гэх гомдол эзэлж байгаа аж.
Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан зурагт самбарыг гэмтээж, устгахыг хориглосон байдаг. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл оногдуулна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.