Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Олон нийт метроны төсөлд эргэлзэж байна. 2014 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-гээр бид олон улсын худалдан авах ажиллагааны аргачлалаар метро бүтээн байгуулагчийг сонгон шалгаруулах үе шаттай ажил явагдаж байна.
Метроны захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх инженерингийн ажлын даалгаврыг боловсруулах, дизайн гаргах, гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэгтэй захиалагчийн сонгон шалгаруулалтыг өчигдөр хийж дуусгалаа.
Улаанбаатар хотын метроны захиалагчийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад ОХУ, БНХАУ, БНСУ-ын дөрвөн компани саналаа ирүүлсэн. Тэдгээрээс БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.
"Dohwa Engineering" компани нь Ази, Африк, Латин Америкийн улс орнуудад хотын төмөр замын төсөл хэрэгжүүлсэн БНСУ-ын томоохон компанийн нэг юм.
Тендертэй холбоотой маргаан үүсэхгүй бол "Dohwa Engineering" компанитай тав хоногийн дараа гэрээний хэлэлцээр эхэлнэ.
"Dohwa Engineering" компани геологийн судалгаа хийхээс гадна метроны дизайн гаргах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулан манай талд хүлээлгэн өгөх чиг үүрэгтэй.
Цаашлаад гүйцэтгэгчид захиалагчийн хяналтыг тавина" гэсэн мэдээллийг өглөө.
Мөн хотын дарга "Метроны I шугам хотын төв замын ачааллыг 45 хувиар бууруулах тооцоолол байгаа. I шугамыг Улаанбаатар хотын өөрийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр зориг гарган шийдвэрлэсэн. Энэ ажил амжилттай эхэлж, барилга угсралтын ажил эхэлсэн тохиолдолд II болон III шугамыг гадны донор байгууллагуудтай хөгжлийн зээлээр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна" гэсэн мэдээллийг нэмж өглөө.