Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн хамаарал бүхий этгээдүүд болон хувь эзэмшдэг компаниудаараа дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй талаар сэтгүүлч Х.Ган-Ялалт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Мөрч.мн сайтын сэтгүүлчид 1 жил 6 сар ажилласан баримт материалуудаа цэгцлээд, улс төрийн өндөр албан тушаалтан, хамаарал бүхий этгээдүүд болон хувь эзэмшдэг компаниудаараа гадаадаас хөрөнгө оруулалт татсан нэрээр их хэмжээний мөнгө угаадаг байж болзошгүй байдал Х.Баттулга гэдэг хүнд хамааралтай байна. Тиймээс бид ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгах хүсэлтийг өгч байна.
Бид түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулах дараах үндэслэлүүдийг гаргасан.
Х.Баттулга хамаарал бүхий 11 компаниараа 868.2 сая ам.доллар, 52.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг зүс хувиргаж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй.
Өмч хувьчлалыг өөрийн талд, илт давуу байдал бий болгож, том үйлдвэрүүдийг үнэгүйдүүлж, хувьчилж аван, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй
Х.Баттулгын хамаарал бүхий Женко Холдинг группын олон улсын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шалгах. АНУ болон Сингапурт, Виржиний арал дээр нийт 10 компани байна. Сингапур тэрбумтан Билли Лим, Шаравын Наранцацрал нараар дамжуулж, нийтдээ 25 сая ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн гүйлгээ байгаа. 2011 оноос хойш Монголд амьдарч байгаа Билли Лимийн хоёр хүүхэд ч Монголд байдаг. Охин нь Баянгол зочид буудлын дэргэд байдаг Casablanca баарны зохион байгуулагчаар ажилладаг. Ш.Наранцацрал гэдэг эмэгтэй Х.Баттулгын туслах Ш.Эрдэнэтуяагийн төрсөн эгч нь. Зургаан төрлийн дансаар нийтдээ 25 сая ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийг шалгуулах ёстой.
2011.04 сараас 12 дугаар сарын 6-ны хооронд Монгол төмөр зам ТӨХК-ийн данснаас гадаад шилжүүлгээр Х.Баттулга, Ц.Энхтуяа, Б.Батзаяа, Ч.Ганбат, Б.Мөнхзул нарын дансаар 3.8 сая ам.долларыг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй байна.
Х.Баттулга нэгдмэл сонирхолтой компаниудаараа туслан гүйцэтгэгчийн авсан төсөв 58 тэрбум төгрөг байна. Төрийн өндөр албан тушаалаа ашиглаж, хамаарал бүхий компанидаа боломж олгож, төрийн мөнгийг үргүй зарцуулсан эсэхийг шалгуулъя.
Х.Баттулгын хүү Хүлэгт, охин Номин, Есүй нарыг заавал шалгах ёстой. Өнөөдөр хар тамхины тухай ярьж байгаа бол эхлэлээс нь эхлэх ёстой.
Сэтгүүлч эрэн сурвалжлаад энэ асуудлуудыг гаргаад ирлээ. Одоо цагдаагийн байгууллага шалгах ёстой. Мөрдөн байцаах албанд нийтдээ 433 хуудас материалыг өгч байна. Мөн энэ материалуудыг АТГ, тагнуулын байгууллагад өгнө" гэсэн мэдээллийг өглөө.