Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэрэг:
Нийслэлийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Б, тасгийн эрхлэгч Б.О нар нь тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэмэлт үйлчилгээний төлбөр авч, өөрсдөдөө эдийн засгийн давуу байдал бий болсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Нийслэлийн Газар зохион байгуулалтын II албаны мэргэжилтэн О.Х, В.С, Д.Б нар нь нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, мөн мэргэжилтэн О.Х нь худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэн Б.Г, Х.Т, О.Э, Б.М нар нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр, дархан цаазат газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 11.5 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ч, тендер сонгон шалгаруулах хорооны дарга Н.Б, гишүүн Б.М, Г.Н, Ц.З, Д.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын Засаг даргын тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа шаардлага хангаагүй компанийг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга М.О, тендер сонгон шалгаруулах хорооны дарга Г.А, гишүүн Б.Б, Т.Ц, Э.Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Дэлгэр багийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй компанийг сонгон шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1/ Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас иргэн И.Б нь Замын-Үүд дэх гаалийн газрын Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор гаалийн хяналтын бүсээр нэвтрэхдээ 80 гаруй төрлийн эд хөрөнгийг нууж, 60.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлжээ.