Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар доорх найман байршлын дөрвөн байршилд 3000 метр шугам сүлжээний ажил хийж, нийт 80 орчим худгуудыг суурилуулсан.
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн байрны урд талын туслах авто замын борооны ус зайлуулах худгуудын шинэчлэлт;
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Механик, тээврийн сургуулийн арын уулзварын зүүн талын ус тогтдог хэсгийн авто замын шугамын шинэчлэлт (Хараагүйчүүдийн байрны урд зам);
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд талын шугам, худгийн өргөтгөл;
Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж, Хүрээ дээд сургууль орчмын шугам, худгийн өргөтгөл;
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн урд хаалга орчмын зам талбайн шугамын шинэчлэлт;
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Таван буудал орчмын авто замд шүүрт худаг нэмэх;
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхон, Петровисын шатахуун түгээн станц орчмын авто замын борооны ус зайлуулах шугам, Энхтайваны гүүрэн доорх гаргалгаа шугамын өргөтгөл;
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар сургуулийн хажуугийн авто замын борооны yc зайлуулах шугамын шинэчлэлтийг хийж байна.
“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж 24 цагаар ажиллаж байна. Тодруулбал, Дарь-Эх орчмын шугам сүлжээний угсралтыг хийхэд газар доор нь холбооны шугам, цахилгааны кабель, дулаан, бохир, цэвэр усны хоолой зэрэг бүх л төрлийн шугам сүлжээ бий. Үүнийг гараар ухаж гаргах нарийн түвшний ажил хийж буй учир цаг их орж байгаа юм. Мөн хуучин шугамыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор бүрэн шинэчлэн хоолойны доор 80-90 см-ийн лаг тунгаах хэсэг хийж өгсөн. Ингэснээр тухайн хэсгийн ус тогтох асуудал бүрэн шийдэгдэж буй юм” хэмээлээ.
Ташрамд, үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолойгоор хийж байгаа бол төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж байна. Ган хоолойг бодвол хуванцар, төмөр бетон хоолой нь зэвэрдэггүй, насжилт өндөртэй буюу 50-аас дээш жилийн насжилттай байдгаараа онцлогтой аж. Мөн шинэчлэлийн хүрээнд лаг тунгаах хэсэг хийж буй нь цэвэрлэгээ, арчилгааг хөнгөвчилж буй. Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Уншиж байна |