“Торгоны зам” олон улсын авторалли уралдааны хувьд урьдчилсан байдлаар 1000 гаруй хүн, 350-400 гаруй техник хэрэгсэл бүртгэгдсэн ба 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтэрч Ховд аймагт 7 дугаар сарын 9-11-ны өдөр, Говь-Алтай аймагт 7 дугаар сарын 11-13-ны өдөр, Баянхонгор болон Дундговь аймагт 7 дугаар сарын 14-15-ны хооронд уралдаж, эцэст нь Улаанбаатар хотод ирснээр уралдаан дуусна.
Энэ жилийн “Торгоны зам 2024” олон Улсын авторалли уралдааны ихэнх хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр уралдаж байгаагаар онцлог бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна Улсын төсөвт хөрөнгө оруулах боломжтой юм.
Тодруулбал энэ жилийн хувьд ОХУ-ын талаас бүх санхүүгийн асуудлыг бүрэн шийдвэрлүүлж, Монгол Улсын төсвөөс ямар нэгэн зардал гаргахгүй байх зарчмыг баримталж байгаа юм. Харин Монгол Улсын зүгээс тухайн ОХУ-ын авторалли уралдаан зохион байгуулагчид болон тамирчдыг хил, гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх, уралдааны үед тамирчид болон иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай. Авторалли уралдаан нь Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгаар олон километр замыг туулж байгаа нь Монгол Улсын байгалийн үзэсгэлэнтэй газрууд болон тухайн орон нутгийг гадаад оронд сурталчлах, жуулчдыг татах арга хэмжээ болох юм.
Уншиж байна |