Эрдэмтэд VI зуунд төв болон зүүн европын хэсгээр суурьшиж байсан эртний эзэнт гүрэн Аварын ард түмний гэрлэлт, амьдралын хэв маягийг ДНХ-ын судалгааны тусламжтай нээн илрүүлжээ.
Эртний Авар угсаатны талаар тухайн цаг үед зэрэгцэн оршиж байсан мөн дайсан ч гэж үзэж болох Византийн эзэнт гүрэн “Европ тивд гэнэт гарч ирсэн хүчирхэг морьтон дайчид” хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Авар угсаатан нь Монголын тал нутгаас гаралтай нүүдэлчид болох нь тогтоогдсон байна. Мөн тэдний европ тив дэх нүүдлийн тухай түүхэнд хамгийн том, маш хурдан хугацаанд хийсэн нүүдэл хэмээн тэмдэглэн үлдсэн нь бий. Гэвч саяхныг хүртэл судлаачид Аварын эзэнт гүрний түүхэн олдворуудын гарал угсааг бүрэн тодорхойлж чадахгүй байсан юм. Харин 2022 оны дөрөвдүгээр сард нэгэн түүхэн олдвор болох Аварын булшнаас гаргаж авсан ДНХ-ын тусламжтай тэдний гарал угсааг тогтоох боломжтой бол судалгааны ажлыг эхлүүлжээ.
Унгараас олдсон дөрвөн булшны нийт 424 шарилд судалгаа хийсэн бөгөөд тус судалгаанаас Авар угсаатны гэр бүл, нийгмийн амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарган авсан нь гайхамшигтай. Унгар улсын нийслэл Будапешт хотын “Eötvös Loránd” их сургуулийн Археологийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач Зофия Рач “Эртний олдворууд дээр ажиллах үед тэд хоорондоо маш нягт холбоотой байгаа нь намайг хамгийн их гайхшируулсан” гэсэн байна. Судлаачид тэрхүү олдворын ачаар нийт хоёр зууны турш амьдарсан гэр бүлийн есөн үеийн нарийвчилсан ургийн бичгийн бүтээж чадсан байна. Тэдгээр олдворуудын 300 орчим нь нэг оршуулгын газарт байсан ба бүгд цусан төрлийн холбоотой болох нь тогтоогджээ. Мөн судалгааны явцад Аварын эзэнт гүрний эрчүүд эхнэр авсныхаа дараа өөрийн нутагт амьдран суудаг бол эмэгтэйчүүд нь нөхрийн талын эцэг эхтэй хамт эсвэл ойролцоо амьдрах нийгмийн тогтолцоотой байсан байна.
Судалгааны багийн ахлах судлаач Гидо Альберто Гнекчи энэ талаар “Nature” сэтгүүлд тайлбарлахдаа “Бид нас бие гүйцсэн эмэгтэйчүүд болон тэдний эцэг эхийн булшийг ойролцоо газраас олж чадаагүй. Харин эрчүүдийн хувьд ураг төрлийн хэлхээг олж тогтоох боломжтой байсан” гэсэн байна. Германы эрдэмтэн Археогенетикийн судлаач Гнекки-Русконы хэлснээр эмэгтэй хүний удмын гарал үүслийг митохондрийн ДНХ-ийн шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Тус шинжилгээгээр Авар угсаатны эмэгтэйчүүдийн гарал үүсэл өөр өөр болох нь тогтоогдсон байна. Мөн тэдгээр эмэгтэйчүүд бүгд нүүдэлчин гаралтай байгаа нь нутгийн уугуул иргэдийг зэлэн түрэмгийлж байгаагүй гэх таамаглалыг бий болгожээ.
Нөхөн үржихүйн олон хамтрагчид
Судалгаанаас харахад Авар угсаатнууд нь нөхөн үржихүйн олон хамтрагчтай байсан ба тэдгээрээс хүүхэдтэй болох нь түгээмэл үзэгдэл. Авар угсааны эрчүүд хамгийн багадаа хоёр, ихдээ дөрвөн бэлгийн хамтрагчтай байсан бөгөөд олон эхнэртэй байх нь эртний улс орнууд төдийгүй, элитүүдийн дунд түгээмэл үзэгдэлд тооцогддог байх боломжтой. Мөн судалгааны багынхан нэг гэр бүлийн эрчүүд дундаа нэг эхнэр, олон хүүхэдтэй байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлсэн байна. Тодруулбал, аав хүү гурвуул нэг эхнэртэй, эсвэл ах дүү, үеэлүүд, эх ондоотой ах дүүс нэг эхнэртэй зэрэг тохиолдуул гарсан байна. Евразийн зарим улсуудын дунд Левират ёс буюу эрэгтэй хүн өөрийн ахын эсвэл дүүгийн бэлэвсэн эхнэртэй гэрлэж, цаашид тэтгэн авч явах ёс заншил түгээмэл байсан. Хэдийгээр Аварын эзэнт гүрэн европ тивд 200 гаруй жил оршин тогтнож нүүдэлчин амьдралын хэв маягаас суурьшмал соёл рүү шилжсэн ч зарим нэг ёс заншлаа хадгалж үлдсэний нэг нь Левират ёстой байсан нь судалгаанаас харагдаж байгаа юм. Ирланд улсын генетикч, дэд профессор Лара Кэссиди сүүлийн үеийн шинэ судалгаануудад оролцож чадаагүй ч тэрээр “Аварын эзэнт гүрний олдворууд дээр хийсэн судалгаа нь дундад зууны үеийн нийгмийн зохион байгуулалтын зарчим болох хүүхдүүд эцгийн талд харьяалагдаж, удам угсаа нь эцгээс хүүд дамждаг тогтолцооны нь асар эртнээс уламжлагдан ирсэн талаар маш том баримт болж байна. Мөн Авар угсаатны гэр бүлүүд полигами байсан гэдэг санал нэгдэж байна” гэжээ.
Гэр бүлийн нягт холбоо
Археогенетикийн судлаач Гнекки-Рускон “Судалгаанаас үзэхэд энэ угсаатны хүн амын дотор цус ойртолт байгаагүй. Маш холын хамаатан байсан ч генетикийн хувьд цус ойртолтын ул мөр үлддэг. Гэвч тэдэнд ийм зүйл ажиглагдаагүй. Өөрөөр хэлбэл, Авар угсаатнууд төрөл төрөгсдөө сайтар таньж угийн бичиг хөтлөн түүнийгээ нягт дагаж мөрддөг байсан нь тодорхой харагдаж байна. Мөн зөвхөн ДНХ-ийн шинжилгээгээр эртний хүмүүсийн жендерийн хүчний динамик буюу хүйсийн хоорондын хүчний байр суурь, эрх мэдлийн харилцаа, тэдгээрийн нийгмийн байр суурийг гаргаж ирэх боломжгүй” гэжээ. Мөн эрэгтэйчүүдийг нас барсны дараа оршуулахдаа морь, эд хэрэглэлтэй оршуулдаг байсан хэмээн таамаглажээ. Учир нь тэдний булшнаас морь, эмээл, уурга зэрэг өндөр зэрэглэлийн үнэт зүйлс гарч нийтлэг гарчээ. Өнөөг хүртэл хийсэн малтлагаар Авар угсаатны 100 мянга орчим булш хиргисүүр олдоод байгаа юм. Тэдгээр нь Европын археологийн чухал өвд зүй ёсоор багтаж байна.
Эртний Хятадын түүхэнд Жужан овог НТӨ 550 онд Түрэг угсаатанд ялагдаж баруун зүг рүү дүрвэсэн Жужан овгийн удам Аварууд хэмээн тэмдэглэсэн байна. 2022 онд "Cell" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дагуу “Авар угсаатан нь Ази тивээс гаралтай. Тэр дундаа Монголын талаас Кавказын нуруу хүртэл хэдхэн жилийн дотор 5000 км замыг туулж одоогийн Унгарын нутагт суурьшиж Аварын эзэнт гүрнийг байгуулсан ба тухайн үеийн суурьшмал иргэншил Византийн эзэнт гүрнийг эзлэх дөхсөн” хэмээн энэхүү нүүдэлчин угсаатнуудыг тодорхойлсон байна.
Түүнчлэн зарим эрдэмтэд “Европ тив дэх анхны морин туурайн мөрийг Аварчууд үлдээж, улмаар морин дайн хийх боломжийг нээж улмаар тив даяар өргөн хэрэглэгдэх болсон” хэмээн үздэг. АНУ-ын Мичиганы Их Сургуулийн Төв Азийн урлаг, археологийн тэнхимийн дэд профессор Брайан Миллерийн тус судалгааны талаар “Генетик, түүх, археологийн хувьд нэн үр дүнтэй, нарийн уялдаа холбоог гаргаж чадсан сайн судалгаа. Учир нь өмнөх үеийн судалгаанууд нэг нийгмийн бүлэг эсвэл цөөн тооны олдворуудад тулгуурлан Евразийн соёл, нийгмийн байгуулалтыг бүхэлд нь тодорхойлохыг зорьдог байсан. Харин энэ судалгаа бол илүү нарийвчлалтайгаас гадна нэг угсаатныг бүхэлд нь судалж үзсэн төдийгүй маш тодорхой, нарийн хэсгүүдийг ч алдалгүй гаргаж өмнөх үеийн судалгааны орхигдуулсан олон зүйлсийг нээж чадсан” хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 101 (7345)
Э.ХОРОЛСҮРЭН